top of page

Сэтгэл зүйчийн өрөөнд #4 Ганцаарддаг хүүхдийн уурлах, бухимдах нь нэмэгддэг


Амьдралд тохиох олон зүйлсийн нугачаанд ганцаардах, улмаар уг мэдрэмжээ үл тоосоор сэтгэл зүйн хувьд өвдөх нь бий. Насанд хүрэгчид өөрт төрж буй мэдрэмжүүдийг ялган таньж, нөхцөл байдал хүндрэхээс нь өмнө сэргийлэх арга хэмжээ авах чадамжтай. Харин бяцхан үрсийн хувьд мөн л ганцаардах мэдрэмж төрдөг. Харин энэ үед нь эцэг эхчүүд, ах эгч бид нар тэдэнд хэрхэн анхаарч, туслах хэрэгтэй вэ? Child.mn сайтын сэтгэл зүйч, нийтлэлч Б.Халиун “Сэтгэл зүйчийн өрөөнд” буландаа онцолж байна.


Хүүхэд ганцаардаж, сэтгэл зүйн хувьд хэцүү байгааг нь дараах шинжүүдээр мэдэх боломжтой. Үүнд:

  • Хэн нэгэнтэй харилцахаас зайлсхийдэг болох

  • Жижиг асуудалд уурлаж, бухимдаж ундууцах

  • Бүх зүйлд сөргөөр хандаж эхлэх

  • Таны яриа, үг үйлдэл бүхэн түүнд таалагдахгүй зэрэг шинжүүд багтана.


Хүүхэд тань уурлаж, бухимдаж байвал сөргүүлж загнахаас илүүтэй яагаад гэдгийг нь анзаарч, ойлгохыг хичээхийг зөвлөж байна. Ганцаардаж буй хүүхэдтэйгээ хэрхэн харилцахдаа дараах зөвлөгөөг дагаарай.

●  Сэтгэлээсээ ярилцах

Харилцаанаас харилцаа бий болно. Гол та хүүхэдтэйгээ хангалттай удаан хугацаанд ярилцах хэрэгтэй. Ингэхдээ хүүхдээсээ дуртай зүйлсийг нь асуух, сонирхож буй хобби нэвтрүүлэг дуучных нь талаар яриулах. Найз нөхөдтэйгөө цагийг хэрхэн өнгөрүүлж буйг нь сонирхож асуух. Хамгийн чухал нь ярилцаж байхдаа эгц нүд рүү нь харж анхааралтай сонсож, ойлгож буйгаа илэрхийлэх чухал шүү. Ярилцаж дуусаад үнсэх, халуун дотноор тэврэхээ мартуузай.


  Шүүмжилж загнахаас зайлсхийх

Хүүхдүүд ч гэлтгүй томчууд бид ч гэсэн хэн нэгнээр шүүмжлүүлж, буруутгуулах дургүй шүү дээ. Аливаа зүйлийн зөв бурууг нь аав, ээж нь хэлж ойлгуулах үүрэгтэй. Томчууд бид тайвнаар тайлбарлаж, учир явдлыг ойлгуулж, зааж сургах ёстой. Хэрвээ хүүхдийг шүүмжилж буруутгахаас зайлсхийвэл таны хүүхэд цаашид өөрийн мэдрэмж, үзэл бодлоо тантай хуваалцахаас цааргалахгүй гэдэгт итгэж байна.


● Дундын орон зайтай болох

Хүүхдэдээ чанартай цаг гаргаад хамтдаа байх орон зайг зорьж үүсгээрэй. Энэ нь та хоёрын хоорондын харилцааг дэмжиж өгнө. Тухайлбал, хамтын хоббитой болох, хамтдаа спортоор хичээллэх, жүжиг, кино үзэж болно шүү дээ. Үүний дараа ярилцаж нэг нэгнээ илүү таньж мэдэх боломж олгоод үзээрэй. Бид хүүхдээ маш сайн мэддэг гэж буруу ташаа бодох нь бий.Танай хүүхэд таны тухай хэр сайн мэдэрч, ойлгодог вэ? Энэ асуултад хариулт олохын тулд дээрх аргуудаас суралцаж адал явдалтай аялал төлөвлөөрэй. 


Хамтдаа тоглоод үз

Хэрэв бага насны хүүхэдтэй бол хамтдаа тоглож, тухайн тоглоомдоо сэдэвчилж дүрд орж харилцах, зураг зурах, будах, спорт тогломоор хамтдаа тоглох, дугуй унах зэрэг хөгжилтэй зүйлс туршиж үзээрэй.


Бидний хамгийн сайн ойлгох ёстой зүйл бол муугаар бодоход хүүхдэд үүсэж буй сэтгэл зүйн ямар нэг асуудлыг шууд алга болгох боломжгүй. Бүр цаашилбал загнаж, шийтгэх гэж яарах нь нөхцөл байдлыг улам л хүндрүүлж, хүүхдийг улам л хол хөндий болоход нөлөөлдөг. Тиймээс хүүхэдтэйгээ цагийг өнгөрүүлж, аливаа тулгарч буй эерэг, сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмжийнх нь талаар шүүмжлэхгүйгээр ярилцаж байхыг зөвлөж байна.


Comments


bottom of page