Сурвалжилга: Тоглоомын талбай барих сэтгэл байвч газар олдоггүй аж
- May 12
- 4 min read
Хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн сайтын "Тоглоомын талбай" цувралын энэ дугаарт Баянгол дүүргийн 21-р хорооны нөхцөл байдлыг сурвалжиллаа.
Тус хороо 0-18 насны 2200 гаруй хүүхэдтэй. Хорооны хэмжээнд тоглоомын талбай нэг, чийрэгжүүлэлтийн талбай нэг байна.
Ж.Пүрэвсүрэн: Газар чөлөөлөх асуудлаас болж тоглоомын талбай барих боломжгүй байдаг

Баянгол дүүргийн 21-р хорооны зохион байгуулагч Ж.Пүрэвсүрэнгээс мэдээллийг тодруулав.
Танай хорооны тоглоомын талбай стандарт хангаж чадаж байна уу?
Манай хороонд албан ёсны хоёр хүүхдийн тоглоомын талбай байгаа. Чийрэгжүүлэлтийн талбай нь эвдрэл гэмтэл ихтэй. Анх 2020 баригдсан. Харин 3x3 сагсан бөмбөгийн талбайтай, тоглоомын талбай 2022 баригдсан. Энэ жил торон хашааг нь янзлах, будах, гулсуурын доод талын дэвсгэрийг солих чиглэл ирсэн. Гэхдээ төсөв мөнгө нь яаж шийдэгдсэнийг мэдэхгүй байна. Гүйцэтгэлийн ажлыг нь Баянгол цэцэрлэгт хүрээлэн хариуцаж хийж байгаа.
Хорооны нийт хүүхдийн дунд одоо байгаа тоглоомын талбай хангалттай юу?
2200 хүүхдийн дунд хоёр тоглоомын талбай хангалтгүй. Гэхдээ бид нэмээд талбай байгуулъя гэхээр газар чөлөөлөх асуудлаас болоод нэмж тоглоомын талбай барих боломж байхгүй.
Хорооны иргэдээс энэ тал дээр гомдол ирдэг үү?
Хорооны иргэдээс гомдол тэр бүр ирдэггүй. Мөн цэцэрлэгийн хашаанууд онгорхой байвал цэцэрлэгийн талбайд ороод тоглочихдог. Тоглоомын талбайтай холбоотой төсвийн талаар бол мэдэхгүй байна.

Хорооноос мэдээллийг тодруулсны дараа чийрэгжүүлэлтийн талбай руу очлоо. Дасгалын дөрвөн төхөөрөмж, гурван хогийн сав, хоёр сандал, нэг сүүдрэвч байрлуулжээ. Гэвч хогийн савнууд нь бүгд эвдэрчээ. Баригдаад зургаахан жил болсон талбай хэдий ч биднийг очиход ундуй сундуй байв.
Эвдэрхий ч гэсэн энэ талбайд ойр хавьд амьдардаг хүүхдүүд ирдэг байна. Талбайн хажууд зогсох өсвөр насны хүү "Ойр хавьд энэнээс өөр талбай байхгүй. Би бол ихэнхдээ энэ хавьдаа дугуйгаа л унадаг. Зарим хүүхдүүд зам дээр гараад тоглодог" хэмээн ярив. Харин бага насны хүүхдүүдийн хувьд олон тоглоомтой талбай руу явах гэхээр хол учраас эндээ л тоглодог байна. 8 настай охин "Манай энд өөр тоглоомын талбай байхгүй болохоор энд эсвэл хашаандаа л тоглодог. Өөр гоё талбайд тоглох гэхээр манайхаас нэлээн хол байдаг. Энэ хавьдаа ойрхон тоглоомын талбай барьчихвал гоё гэж боддог. Тоглох талбай байхгүй болохоор уйдаад байдаг” хэмээн ярьсан юм.

21-р хорооны иргэн “Хүүхдүүд нэг бол цэцэрлэгийн хашаанд, арай том хүүхдүүд нь заал аваад тоглодог. Болдог бол ойр орчимд хоёр гурван тоглоомын талбай байвал зүгээр л санагдаад байх юм. Энэ хавийн хүүхдүүд амралтаараа хашаандаа тоос бужигнуулаад л тоглож байгаа харагддаг” гэлээ.
Машин замын яг хажууд байрласан уг чийрэгжүүлэлтийн талбай өндөр хүчдэлийн шугамын хажууд байрлажээ. Мөн хоёр талаараа машин замтай залгаа барьсан нь хүүхэд машинд дайруулах эрсдэлтэй харагдаж байлаа.

21-р хорооны чийрэгжүүлэлтийн талбайн яг хажууд нь өндөр хүчдэлийн шугамтай
Чийрэгжүүлэлтийн талбайгаас цааш 3x3 сагсан бөмбөгийн талбайтай тус хорооны цор ганц тоглоомтой талбайд очлоо. Сагс тоглох талбай болон нэг саравч, нэг гулгуур байрлуулжээ.

21-р хорооны тоглоомын талбай
Энэ талбай Стандарт хэмжил зүйн газраас 2019 онд баталсан Хүүхдийн тоглоомын талбайн ерөнхий шаардлага MNS 6751:2019-д нийцэж байгаа эсэхийг харцгаая.
Энэ стандарт нь нийтийн эзэмшлийн газар, цэцэрлэгийн эдэлбэр газарт байрлах 6 сараас 12 хүртэлх насны хүүхдийн тоглоомын талбайн эрүүл ахуйн орчин, аюулгүй байдлыг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавихад хамаардаг байна. Мөн энэ стандарт нь ерөнхий боловсролын сургуулийн спортын талбай, өндөрт настны чийрэгжүүлэх талбай, хүүхдийн зуслан барилга дотор байрлуулсан тоглоомын талбай, худалдаа үйлчилгээний цогцолбор барилга доторх хүүхдийн тоглоомын өрөөнд хамаарахгүй.
21-р хорооны тоглоомын талбай
7.1 Тоглоомын талбайд нарны тусгал хамгийн багадаа 5 цагийн турш гэрэлтүүлэхээр байна. Шөнийн цагт гэрэлтүүлэгтэй байна.
7.10 Харуул хамгаалалтын цэгээс 10 метрийн радиуст байрлах ба тоглоомын талбайг камержуулсан байна.
7.11 Онцгой байдлын үед аюул ослоос зайлж гарах 2-оос доошгүй орж гарцтай, гал унтраах анхан шатны хэрэгслийн харуулын цэг дээр байрлуулна.
7.13 Тоглоомын талбайн хамгийн бага талбай нь: 06-23 сартай-50 м.кв, 2-5 нас-100 м.кв, 6-12 нас-150 м.кв байна
Тоглоомын талбай нар тусах задгай талбайд баригдсан. Нарны эрчим хүчээр болон цахилгаанаар ажилладаг хоёр гэрэлтэй. Мөн талбайн эргэн тойронд камер огт байхгүй. Гал унтраах анхан шатны хэрэгсэл байхгүй. Талбайн хэмжээ стандартын дагуу.

7.2 Тоглоомын талбай нь нэгдсэн хог хаях цэгээс 100 метрээс багагүй зайтай байна. Гэхдээ тоглоомын талбайд ахуйн хогийг ялган хаях савыг хүрэлцэхүйн хэмжээгээр (багадаа хоёр ширхэг) байрлуулна. Хогийн саванд тухайн талбайн салхины зонхилох чиглэлийн доор байрлуулна. Уг тоглоомын талбайд ганц ч хогийн сав байхгүй бөгөөд эргэн тойронд нь хог хөглөрч харагдана.

21-р хорооны тоглоомын талбай
7.9 Хүүхдийн асран хамгаалагч хүүхдээ тодорхой зайнаас харах суух, амрах зориулалт бүхий суудалтай.
Тоглоомын талбайн мэдээлэх тэмдгийн "хориглох" хэсгийн бичиглэлд: Мансуурсан, согтууруулах ундаа хэрэглэх, утаат тамхи татах зэрэг хүүхдэд сөрөг ухагдахуун үзүүлэх зүйлүүдийг хориглох. Зурагт үзүүлсэнчлэн амарч суух саравч байгаа ч дотор хэсэгт хагарсан архины шил тамхины иш маш их байгаа нь дээрх заалтыг зөрчсөн гэж харагдаж байна.

21-р хорооны тоглоомын талбай
7.4 Тоглоомын талбайн 20-иос багагүй хувьд ногоон байгууламж байна. Талбайн хойд хэсэгт 3 ширхэг мод тарьжээ.

21-р хорооны тоглоомын талбай
7.3 Тоглоомын талбайн мэдээлэх тэмдэгтэй байх бөгөөд орц гарцан дээр байрлуулна. Тоглоом тус бүрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг тусгасан байна.
8.5 Талбайн гадаргуу нь хүүхэд унахад гэмтэхээс сэргийлж хөвсгөр резин, элс, голын хайрга, резин хавтанцар зэрэг цохилт сааруулах материал ашиглана.Энэ талбай нь нэг ширхэг гулсууртай. Гулсуураар буухад хүүхдийн өвдөг, гар шалбарах эрсдэлтэй. Зөөлөн дэвсгэр нь урагдаж, зарим хэсгээрээ алга болжээ.

21-р хорооны тоглоомын талбай
7.5 Тоглоомын талбайн хязгаарлах бүсийн хилээс тээврийн хэрэгслийн зам хүртэлх зай 6 метрээс ихгүй тохиолдолд хурд сааруулагч, хүүхэд гэнэт гүйх тэмдэг, тэмдэглэгээ бүхий анхааруулах тэмдгийг харагдах орчинд байрлуулна.
7.12 Цахилгааны агаарын шугам, кабель, дулааны шугам, худгийн тагнаас таван метрээс багагүй зайд байрлах ёстой.Тоглоомын талбай нь машин замын яг хажууд байрлалтай. Дээрх стандартад тусгасан тэмдэг байрлуулаагүй. Цахилгаан дамжуулах шугам ч мөн яг хажууд нь харагдаж байна.

7.6 Тоглоомын талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан, стандартын шаардлага хангасан орчинг бүрдүүлсэн байна.
7.7 Хүйтний улиралд тоглоомын талбайг халтиргаа гулгаанаас хамгаалсан байна
7.8 06-аас 23 сартай хүүхдийн элсэн тоглоомын хэсэгтэй тухайн хэсгийг заавал нарны тусгалаас хамгаалсан сүүдрэвч байна.Энэхүү тоглоомын талбайд дээрх заалтын аль нь ч хангагдаагүй.
Энэ стандартад зааснаар хорооны нутаг дэвсгэрт байгаа тоглоомын талбайг хороо хариуцахаар тусгажээ. Мөн ашиглалт, арчилгааг ч хороо хариуцах ба сард хоёроос доошгүй удаа эргэж тойрч, харж хандаж байхаар заасан байна. Хорооны зүгээс дээрх хоёр талбайг тогтмол эргэж тойрдог хэмээн тодруулахад хариулж байлаа. Гэсэн хэдий ч чийрэгжүүлэлтийн талбайн эд зүйлс хэмхэрч эвдэрсэн, тоглоомын талбайд хог хөглөрсөн, архины хагарсан шил сүүдрэвчний доор тарсан, хүн эргэн тойрч, арчилж торддог гэхэд хэцүүхэн дүр зураг угтсан юм.














Comments