top of page

Сурвалжилга: Бид даргын хүүхэд л дарга болдог нийгэмд амьдарч байна

Updated: Jun 25


Хүүхэд, залуучуудын хүний эрх, ардчилал, эрх чөлөөний талаар мэдрэмж, мэдлэг өдөр өдрөөр нэмэгдэж Монголын ирээдүй бага ч гэсэн гэрэлтэй байна. Үүнийг "Урлагаар хүний эрхийг бэхжүүлцгээе!" III-р хөтөлбөрийн төгсөгчдийн бүтээлээс тодхон харж болно.


Хүн бүр энэ хорвоод мэндлэхдээ заяагдмал эрхтэй төрдөг. Гэвч олон хүн ямар эрх эдлэх ёстой, юу шударга бус гэдгийг ч харж чадахгүй амьдарч буй нь харамсалтай. Тиймээс хүүхэд, залуучуудад багаас нь энэ талын мэдлэг гол нь мэдрэмжийг бий болгож буй нь "Залуусын давлагаа" клубийн хэрэгжүүлж буй хөтөлбөрийн гол зорилго биз ээ.

"Залуусын давлагаа" клубийн тэргүүн Ц.Бодьцэцэг 10-р ангийн сурагч байх үеэсээ л хүүхэд, залуучуудын оролцооны клубийг үүсгэн байгуулахад гар бие оролцсон байна. Тэрээр "Хамгийн гол нь үнэт зүйл нэгдсэн хүүхдүүд цуглаад клубийн үйл ажиллагаагаа явуулдаг. Залуучууд бид асуудлыг хэт их шүүмжилж, ямар нэг үйлдэл гаргахаас хойш суудаг болчихвол тэр чинээгээрээ хүний эрх зөрчигдөж, ардчилал бүдгэрч, шударга бус байдал даамжирна" гэлээ.

"Маргинал бүлгийн хүүхэд залуусын оролцоог хангаж, тэдний дуу хоолой болох нь" төслийн хүрээнд хэрэгжиж буй урлаг, хүний эрхийг хослуулсан энэ хөтөлбөр нь гурав дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд хүүхдүүдийн идэвх оролцооны нөлөөгөөр жил бүр өргөжиж байгаа аж.

15-21 насны 20 оролцогчид өөрсдийн бусдад хэлэхийг, харуулахыг, мэдрүүлэхийг хүсэж буй зүйлсээ уран зураг, фото, гэрэл зургийн монтаж хэлбэрээр бүтээл болгожээ. Хөтөлбөрийн төгсөгч  Ш.Амгаланбаяр  “Миний хувьд хоёр бүтээлээр өнөөдөр үзэсгэлэн гаргалаа. Эхний бүтээлдээ орчин үед даргын хүүхэд л дарга болдог, цэргийн хүүхэд цэрэг болдог гэдэг шиг нийгэмд бид аж төрж байна. Энэ нь байх ёстой л зүйл гэсэн хандлага тогтчихсон талаар харуулахыг хичээлээ. Уг нь хүн болж төрснийхөө хувьд сонголт бүгдэд ижил байх ёстой гэж бодож байна. Мөн дараагийн бүтээлдээ тэгш бус, хүртээмжгүй байдлыг харуулахыг зорьсон. Жишээ нь бид өдөр тутамдаа шатаар зүгээр л алхаад дээш гардаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй хүний хувьд шат бол мөлхөөд ч гарч чадахгүй хэцүү даваа болдог. Үүнийг олон хүн ойлгож, хараасай” гэлээ.

Хөтөлбөрийн төгсөгч  Ш.Амгаланбаярын бүтээл
Хөтөлбөрийн төгсөгч  Ш.Амгаланбаярын бүтээл
Хөтөлбөрийн төгсөгч  М.Анужингийн бүтээл
Хөтөлбөрийн төгсөгч  М.Анужингийн бүтээл
Хөтөлбөрийн төгсөгч Анужин
Хөтөлбөрийн төгсөгч Анужин

Хөтөлбөрийн төгсөгч сурагч Анужингийн хувьд нийгмээс хүн бүрд тулгадаг стандартуудаас болж бид яах ч аргагүй баг зүүж амьдардаг. Энэ нь эргээд биднийг сэтгэл зүйн хувьд туйлдуулж, хүчирхийлдэг талаар харуулахыг хүсжээ.

Хөтөлбөрийн төгсөгч Анужингийн бүтээл
Хөтөлбөрийн төгсөгч Анужингийн бүтээл
Хөтөлбөрийн төгсөгч М.Анударь
Хөтөлбөрийн төгсөгч М.Анударь

Хөтөлбөрийн төгсөгч М.Анударь өөрийн сэтгэгдлээ бас хуваалцлаа. Тэрээр "Танхимд цуглаад хүний эрхийн талаар лекц сонсох боломжууд байдаг ч урлагаар дамжуулан хүний эрхийг ойлгох нь илүү бодитой туршлага байлаа. Миний хувьд бүтээлдээ зөвхөн муу зүйлийг харах биш эргэн тойрондоо байгаа сайхан зүйлүүдийг олж хардаг байгаа гэсэн санааг гаргахыг хичээсэн” гэлээ.

Дүфрэснэ Готьерын сангийн төлөөлөгч Л.ДулмааМанай сан нь арав гаруй жилийн хугацаанд хүүхдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Хүүхдүүд өөрсдөө төслөө бичиж, нийгмээ сайн сайхан болгоход манлайлал үзүүлж байгаа учир манай сангаас "Залуусын давлагаа" клубийг дэмжин ажиллаж байна. Өнөөдрийн үзэсгэлэнг харахад хүүхдүүдийн бүтээлд сэтгэл өвтгөм, бараан сэдвүүд зонхилсон байна. Энэ нь нөгөө талд бид нийгмээ өөрчлөх шаардлагатайг харуулж байна."

Уг хөтөлбөр, бүр "Залуусын давлагаа" клуб үүсгэн байгуулагдаж, өнөөг хүртэл амжилттай ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн дэмжигч нь "Бодлогод залуусын хяналт" ТББ юм. Тус байгууллагын захирал Ц.Мандхайхатан "Бид залуусыг шүүмжилдэг л болохоос бодитой дэмждэггүй нийгэмд амьдардаг. Тиймээс анх хүүхдүүдийн, залуусын оролцооны энэ клубийг бий болгож, өсөж дэвжихэд нь туслах ёстой гэж бодож өнөөг хүрсэн байна. Манай клубийн хүүхдүүд долоо хоног бүр уулздаг маш идэвхтэй ажилладаг. Тиймээс энэ клубийг насан туршдаа хүний эрх, ардчилсан нийгмийг бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагааг нь дэмжинэ гэж боддог" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


"Урлагаар хүний эрхийг бэхжүүлцгээе!" III-р хөтөлбөрийн 20 оролцогчид өөрсдийн бүтээлээ БЗД-ийн ЗДТГ-ын нэг давхарт дэлгэлээ.






Comments


bottom of page