top of page

Сурвалжилга: Амьсгалахыг нь чагнах үртэй байна гэдэг...


Амьдарна гэдэг ай даа сайхан даа. Амьд буйгаа мэдэрнэ гэдэг бүр гайхам. Амьсгалахыг нь чагнах үртэй байна гэдэг.. хэмээх орчилд зог туссан минь “Амьдрахуй” жүжиг байлаа.


Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” номыг “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч Мө.Батбаяр хэдэн жилийн өмнө орчуулж олны хүртээл болгосон цагаас эрэлттэй ном байсанд гайхах юмгүй. "Амьдрахуй" романаас сэдэвлэсэн жүжгийн найруулагчаар М.Батболд ажиллажээ. 

БӨМБӨЛӨГ

Хүүхэд байхдаа бөмбөгөөр тоглож өсөөгүй хүн гэж цөөхөн биз ээ. Энэхүү жүжгийн нэг онцлох метафор нь бөмбөлөг байлаа. Жүжгийн гол дүр Фу Гүй мөрийтэй тоглоомонд донтож, өөрийгөө алдаж байгаа байдлаар жүжиг эхэлнэ. Энэ үед эхнэр Жя Жэн нь бие давхар болсныхоо дараа түүн дээр ирэх үед гол дүр түүнийг хүчтэй түлхэн унагааж, явахыг шаарддаг. Яг энэ үед хэвлийд байгаа хүүхдийг ямар ихээр өрөвдсөн гэж санана. Бид жирэмсэн, нялх биетэй ээжүүдтэй харилцахдаа их болгоомжтой хандахгүй бол яг л “шилэн бөмбөлөг” шиг эмзэг турьхан байгаа шүү дээ. Хагарчихвал яана. Гэвч азаар хэвлийд бойжиж байсан тэр бяцхан хүү хэдийнээ хэвлүүхэн хүү болон өсөж торниод том цагаан бөмбөлөгөөр тоглон наадаж байгаа үйл явдал үргэлжилнэ.


Хүү Ёу Чин дэгдэн тоглож  хөөрхөн хурганыхаа тухай ярих нь өхөөрдөм. Атал хайрлаж тэжээсэн хүүгийнхээ хургаар шөл хийж ууж буй эцэг эхийг хачин их өрөвдөв. Амьдралд ам гарч болдоггүй гэдэг. Тухайн үеийн Хятадын нийгмийн нөхцөл байдал нь энэ. Өлсгөлөнт өдрүүдийн тухай энэ үзэгдэл илүү тодотгож өгнө. Нийгмийн аж байдал, төрийн тогтолцооны гажуудлаас болж олон гэр бүл идэх хоолгүй суугаа даа гэж бодохын зуур хүү уйлан гүйнэ. Гүйсэн салхинд нь бодол сарнина.


БААТАР

“Цусаа өгнө гэдэг жинхэнэ баатрын хэрэг” гэж эмч хүүд хэлнэ. Цусаа өгсөн хүнд мөнгө өгч байна хэмээх цуурхлын дагуу хүү хамгийн хурднаараа тосгон руу гүйж маш их цус өгч буй үзэгдэл үргэлжилнэ. Эгчийгээ айлд зарцлуулж, ээж аавыгаа идэх хоолгүйг мэдэж буй хүү өөрийгөө баатар гэдэгт итгэж, гэр бүлийнхээ төлөө баатарлаг үйлдэл хийж буйдаа итгэнэ. Эмч хүүг хөөргөнө. Хүү “Би бол БААТАР” хэмээн цусаа өгнө. Ингэж цусаа өгсөөр хүү амь алдана. Харин хүүгийн цус дахин нэг хүүхдэд амьдрал бэлэглэнэ. Энэ үзэгдлээс харахад “Бид заримдаа хүүхдүүдийг юу ч мэдэхгүй хэмээн эндүүрдэг ажээ. Угтаа хүүхэд гэдэг маш их зүйлийг мэдэрдэг. Тэр тусмаа ээж, ааваасаа, ах, эгчээсээ ихийг ойлгож, бодож, тунгааж, шаналж явдаг гэдгийг эндээс харж болно. Хүүхэд гэдэг цэвэр ариухан, сэтгэл нь цагаахан өсөж яваа “цэцэг” шүү дээ. Хүнд байдаг чанар бүгд л бүрэлдэж байдаг. Тиймээс ч хүүхэд бүр БААТАР болохыг мөрөөддөг байх. БААТАР болоод хэн нэгнийг аварна, эсвэл хайртай хүнээ хамгаална гэдэгт итгэдэг. Тэд хайртай хүнийхээ төлөө өөрийн амь насыг ч зориулахад бэлэн. Бидэнд хязгааргүй хайртай гэдэг нь харцнаас нь мэдрэгддэг. Бид, ээж аав гэдэг түүний хувьд ертөнц шүү дээ.


ОХИН

Аав, ээжээсээ болоод биш, нийгмийн аж байдлаас болж сонсголоо алдсан Фэн Шя охин айлд зарцлагдана. Нэг өдөр аав нь түүнийг эзэн айлд нь хүргэж өгөхөөр үүрэн алхана. Аав нь охиноо үүрч яваа нь амьдралаа үүрч, дүүрч яваа мэт санаанд бууна. Аав нар үргэлж л охиныхоо хувьд туйлын баатар нь байдаг юм хойно. Охин уйлсаар эргэн хурган байж ядан аав руугаа тэмүүлнэ. Аав нь түүнийг ахиж хэзээ ч өөр хүний гарт зарц болгож чадахгүйгээ ойлгоод охиноо аваад гэр лүүгээ явна.

Охины гоо үзэсгэлэнтэй байдал үзэгчдийг цэнгүүлнэ. Үнэхээр тансаг, цагаахан арьстай час улаан уруул, үсний баантаг нь мөн л ямар нэг зүйлийг илүү тод илтгэх шиг. Сонсголгүй охинд дурлах залуугийн охиныг гэх сэтгэл, түүнд татагдах зүрх нь яг соронз адил. Тэд гэрлэх болж аав, ээж нь инээмсэглэн сууна. Эцэг, эх хүний нэгэн баярт мөч бол хүүхдээ өрх тусгаар гарахыг үзэх гэмээр.  Ээж нь охиндоо санаа чилээж, ямар аж төрж буйг ааваас нь асууна. Гэгэлзсэн, гэгээвчээр туяа тусах шиг харанхуйг зүсэх гэрлийн хугарал хаашаа ч юм одно.

Охин төрхийн хүндрэлээр насан эцэс болох яг тэр мөчид охиноо алдах аав, ээжийн сэтгэл, ханиа, хайртай хүнээ цаг бусаар тэнгэрт үдэх залуугийн сэтгэл зүрх шархирч буйг бодохын зуур зүрх хорсоно.

ГЭРЭЛТ ШОО

Яг эвлүүлдэг шоо шиг амьдрал. Нэг талаас нь хөөгөөд эвлүүлээд явахаар эвээ олдоггүй. Энүүхэндээ хэлэхэд эвлүүлэх эгзэгийг нь олохгүй л бол амьдрал ерөөсөө амьдрал болохгүй мэт. Эл жүжгийн дараагийн метафор бол тайзан дээр тэг дөрвөлжин шоо шиг эвлүүлдэг өнгийн гэрэлтэй тайз. Энэ тайз нь яг л амьдралд өнгө нэмэх шиг. Тодоор гэрэлтэж олон хүнд шат болно. Амьдралд нэг шат ахина гэдэг. Энэхүү тайзан дээр зогсоод асуудлыг дээрээс нь харах шиг. Харуулдах шиг. Гайхалтай шийдэл санагдсан.

Жүжгийн гол дүр эмэгтэй Жя Жэн тайзан дээр уй гашуугаа үүрч, үйрсэн зовлонгоо дүүрч алхаж явахад тайз эргэлдэнэ. Охин, хүү хоёр ээжийнхээ энэ үзэгдлийг хараад, ажиглаад сууна. Хүүхдүүд минь яг л ээж, аавыгаа зовсон ч, жаргасан ч ажигласаар л суудаг нь өр өвтгөм. Тэд минь юу ч хийж чадахгүй шүү дээ. Хүүхэд учир. Бидний амьдралын утга, учир гэрэл гэгээ болсон тэдний минь зүрх, сэтгэл нь шимширч уйлж л түүнийгээ илэрхийлнэ.

БАГА ХҮҮ 

Бага хүүгээ оршуулаад ирсэн Фу Гүй эхнэртээ юу гэж хэлэх эвээ олохгүй эл хуль өдрүүд хөвөрнө. “Хүү нь эмнэлэгээс удахгүй гарна гэнэ ээ” гэх үед эхнэр нь хүүгээ өөд болсныг мэдсэн ч мэдээгүй мэт царайлна. Хүүгийнхээ шарил дээр очих үед л энэ бүх үзэгдэл тэсэрнэ. Тийчилж ядсан бодлууд тэнгэрт хөөрч, Фу Гүй эхнэр Жя Жэнээ үүрэн алхаж одно.

Жаахан хүүгээ алдсан аав, ээжийн эцсийн зогсоол нь нэгнээ түшин сууна. Том хүүгээ, охиноо, бага хүүгээ алдсан хосуудын хувьд ёроолгүй харанхуйд хөл алдаж, хоосон орчилд унах шиг болж, амьдрал нурах шиг, тэнгэр хөмрөх шиг бүхнээ үдэн суугаа нь энэ гэлтэй.


Амьдралын аз жаргал бол хүүхдүүд. Хүүхдүүдтэйгээ байхад хэзээд гэрэл гэгээтэй, хайр бахдал дүүрэн, сэтгэл халирам сайхан.


АМЬД БУЙГАА МЭДЭРНЭ ГЭДЭГ АМЬСГААГ НЬ ЧАГНАХ ҮРТЭЙ БАЙХЫН НЭР.

 


 

 

 

 


0 comments

Comentários


bottom of page