Сурагчид 1,2 тонн жимс ногооны хаягдал цуглуулж, малчдад хүргэжээ
- May 4
- 1 min read

Ховд аймаг дахь “Ногоон байгаль” эко клубийн сурагчид иргэдийн хаясан хог хаягдлын асуудалд судалгаа хийж, орчны бохирдол үүсэх нэг шалтгаан нь үхэр болохыг тогтоожээ.
Тодруулбал: Ахуйн хог хаягдалтай хамт савлагдсан жимс, хүнсний ногооны хальсыг идэхээр үхэр хогийн уутыг задлан тарааж, орчныг бохирдуулдаг байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор тус эко клуб 2025 оны 11 дүгээр сараас эхлэн “Хаягдлыг зөв ашиглая” хөдөлгөөнийг өрнүүлжээ.
Уг санаачилгын хүрээнд иргэдийг жимс, хүнсний ногооны хальсыг шууд хогт хаяхгүйгээр хөлдөөж хадгалаад хаврын улиралд малчдад өгөхийг уриалсан байна.
Сурагчдын энэхүү санаачилгыг Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид дэмжиж, 2026 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт нэг аравны хоёр тонн хүнсний ногооны хальс цуглуулж чадсан гэнэ. Цуглуулсан хальсыг Жаргалант суманд малын тоо толгойн татвараа тогтмол төлдөг малчдад хүлээлгэн өгсөн бөгөөд уг ажил нь малчдын талархлыг хүлээж, орчны бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан аж.
Энэхүү жишиг санаачилга нь хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах соёлыг түгээх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг албаныхан онцлов.
Эх сурвалж: WWF Mongolia



Comments