top of page

Сурагчид ИТХ болж, загвар хуралдаанаар хүүхдүүдэд тулгамддаг асуудлуудаас хэлэлцлээ

  • Mar 24
  • 2 min read

Бодлогод Залуусын Хяналт ТББ-ын дэргэдэх сурагчдын Залуусын Давлагаа клубээс 2026 онд анх удаа "Би Иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол" нэртэй хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Хүүхэд, залуучуудад нутгийн өөрөө удирдах ёс болон ИТХ-ын чиг үүрэг, шийдвэр гаргах үйл явцын, хүний эрх, сонгуулийн талаарх мэдлэг олгож, тэдний оролцоог нэмэгдүүлэх нь хөтөлбөрийн гол зорилго ажээ. Уг санаачилга нь "Дүфрэснэ Готьерын Сан"-гийн санхүүжилттэй хэрэгжиж буй "Маргинал бүлгийн хүүхэд, залуусыг эрх мэдэлжүүлж, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжлээ.

Хөтөлбөрийн сүүлийн долоо хоног буюу 3-р сарын 24-нд сурагчид Баянзүрх дүүргийн хэмжээнд тулгамдаж буй замын хөдөлгөөний аюулгүй байдал, сургуулийн орчин дахь шатахуун түгээх станцын эрсдэл, хог хаягдлын менежмент зэрэг асуудлаар тогтоолын төсөл боловсруулан хэлэлцэж, санал хураалт явуулах замаар загвар хуралдаан зохион байгууллаа.

Тус загвар хуралдаанаар хүүхдүүд дүүргийн тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар бодит гарц гаргалгааг эрэлхийлж, ардчилсан нийгмийн үнэт зүйлийг практик дээр суралцсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Дүфрэснэ Готьерын Сангийн хөтөлбөрийн зохицуулагч Л.Дулмаа

"Залуучуудыг нийгэмдээ идэвхтэй, хариуцлагатай, бас оролцоотой болгохын төлөөх төсөл олон хэсэгтэй ч тэр бүх хэсэг нь яг үүн рүү чиглэсэн байгаа. Оролцоо гэж юу юм, хүний эрх гэж юу юм, нийгэмд идэвхтэй байх нь ямар учир утгатай вэ, өөрсдийнхөө амьдарч байгаа орчин, нийгмийг өөрчлөхөд та бүхний оролцоо, идэвх ямар их ач холбогдолтой вэ гэдгийг ойлгосон байх гэж найдаж байна" хэмээн хүүхдүүдийг урамшууллаа.

Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч М.Бүрэнтөгс "Энэхүү хөтөлбөрийн зорилго бол хүүхэд залуусыг нутгийн өөрөө удирдах ёс болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг, шийдвэр гаргах үйл явцын талаарх ойлголт, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх замаар тэдний утга учиртай оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Ингэснээр хүүхэд залуус өөрт тулгамдаж буй асуудлыг илэрхийлэх, шийдвэр гаргагчдад хүргэх бодит оролцооны орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулна гэж үзэж байна" хэмээн онцлов.

Мөн "Бодлогод залуусын хяналт" ТББ-ын захирал Т.Мандхайхатан "Бид энэ үйл ажиллагааг цаашид улам сайжруулж, илүү олон залуусын дуу хоолойг бодлого шийдвэрт, ялангуяа орон нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд чиглүүлнэ гэж итгэж байна. Та бүхний өнөөдрийн ярьж байгаа сэдэв, агуулга, судалгаатай суурьтай, дэг журмын дагуу зохион байгуулагдаж чадлаа. Цаашид хүүхэд залуусынхаа оролцоог бэхжүүлээд жинхэнэ утга учиртай дуу хоолой болон ажиллаарай" хэмээн залуучуудад амжилт хүслээ.

Хоёр сарын хугацаанд хөтөлбөрийн оролцогчид:

Сургалтын эхний долоо хоногт

"Иргэдийн төлөөлөгчдийн хурал ба хүүхэд залуусын утга учиртай оролцоо" сэдвийн хүрээнд

  • Нутгийн өөрөө удирдах ёс гэж юу вэ?

  • -Би ямар эерэг өөрчлөлт авчрах боломжтой вэ?

  • -Оролцоо гэж юу вэ? хичээлүүд,

Хоёр дахь долоо хоногт

Би Иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол үндсэн сэдвийн хүрээнд

  • “Хүний эрхийг хангахад ИТХ-ыг бэхжүүлэх нь”,

  • Панел хэлэлцүүлэг: Иргэдийн хурлын төлөөлөгч юу хийдэг вэ?,

  • Орон нутагт тулгамдаж буй асуудлаа хэрхэн тодорхойлох вэ? сэдвээр

Гурав дахь долоо хоногт

Манлайллын ур чадвар гэсэн үндсэн сэдвийн хүрээнд

  • Манлайллын зарчим ур чадвар,

  • Илтгэх, мэтгэлцэх ур чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ?,

  • Хэвлэл мэдээлэл, сошиал медиатай хэрхэн харилцах вэ? зэрэг сэдвээр хичээлүүд үзэж, мэдлэгээ тэлсэн байна. Улмаар сурсан мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэхээр загвар ИТХ-ын хуралдаан зохион байгуулах судалгаагаа хийж, ИТХ-ын ээлжит хуралдаанд ажиглагчаар оролцож, бэлдсэний эцэст өөрсдийн загвар хурлаа амжилттай зохион байгуулснаар хөтөлбөр өндөрлөлөө.







Comments


bottom of page