top of page

Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхэд оролцуулах журам хэрэгжиж эхэллээ

  • May 27
  • 1 min read

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.8-д заасныг үндэслэн “Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, хүүхдийн эрхийг хамгаалах журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн яам улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлснээр эрх зүйн үйлчлэл нь хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ.

Тус журмыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/59, А/74, А/15 дугаар бүхий хамтарсан тушаалаар баталсан байна.

Шинээр хэрэгжиж эхэлж буй журмаар соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулахдаа дараах шаардлагуудыг мөрдөхийг үүрэг болгожээ.

Үүнд:

-Хүүхдийн эрхийг хамгаалах

-Уралдаан, тэмцээнд оролцоход тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах

-Эрсдэлгүй орон байраар хангах

-Хичээл сургалтыг завсардуулахгүй байх

-Шөнийн цагаар бэлтгэл, сургуулилалт хийлгэхгүй байх

-Бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх,

-Хүүхдийн эсрэг аливаа дарамт, ялгаварлан гадуурхалт, Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх,

-Осол, гэмтэл, эрүүл мэндийн эрсдэл үүссэн тохиолдолд авах арга хэмжээ, хариуцах этгээдийг тодорхой болгох,

-Хүүхдийн хувийн мэдээлэл, зураг, дүрс бичлэгийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр нийтлэхгүй байх,

 -Хүүхдийн санал бодлыг сонсох, сайн дурын оролцоог хангах,

-Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхдийн тэгш оролцоог хангах,

-Багш, дасгалжуулагч, удирдагч нарыг хүүхэд хамгааллын ёс зүй, мэдлэгээр тогтмол чадавхжуулах,

-Хүүхдийг аливаа сурталчилгаа, ашиг хонжоо олох үйл ажиллагаанд албадан оролцуулахгүй байх зэрэг үүрэг хариуцлагыг нарийвчлан тусгажээ.

 

Эх сурвалж: Соёл урлагийн газар


Comments


bottom of page