
Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр Боловсролын тухайн хуулийн хүрээнд хийж байгаа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр болон сурах бичгийг шинэчлэх ажлын талаар мэдээлэл өгөв.
Тэрээр "Боловсролын яам, Боловсролын Үндэсний хүрээлэнд нэг, хоёрдугаар ангийн хөтөлбөр нь гараад сурах бичгийн тохирцыг тааруулах ажил явагдаж байна. Бага сургууль 9 төрлийн хичээлтэй болж цөөрч байгаа. Хоёрдугаар ангиас унших бичиг, 3-р ангиас англи хэл, компьютерын ухаан хичээлүүд нэмэгдэж байгаа. Хөтөлбөр шинээр боловсруулах, сурах бичиг шинээр боловсруулах ажил Боловсролын ерөнхий хуульд заасан дагуу явж байгаа. Энэ жил суурь боловсрол буюу 6-9-р анги, ахлах анги буюу 10-12-р ангийн хөтөлбөр, сурах бичгүүдийн суурь судалгаа хийнэ. Хичээлийн төрлийг цөөлөх ажлыг бага сургууль дээр хийсэн. Одоо дунд сургууль дээр интеграц хийх замаар хичээлийн төрлийг цөөлнө. Гэхдээ дэлхийн улс орнуудтай харьцуулахад манай хичээлийн төрөл тийм ч олон биш" гэлээ.
Мөн тэрээр "Бага сургуулийн сурах бичгийн хувьд нэгдүгээр ангид нийт агуулгын 70 орчим хувь нь зураг байдаг. Өмнө нь интернэтээс татаж авсан зураг ашигласан тохиолдол гарсан. Харин одоо зохиогчийн эрхтэйгээр, Монгол зураачийн зурсан зургуудыг ашиглана. Агуулгын хувьд мэдээллээр дарахаас илүүтэй ажиглах, сонсох, унших арга барил давамгалайсан. Минутын уншлага гэхээс илүү ойлгож унших агуулга орж ирж байгаа."
Comments