top of page

Охидын хүч хязгааргүй


Охидын дуу хоолойг сонсох зорилготой “BECAUSE I AM A GIRL” чуулган гурав дахь жилдээ боллоо. Анх 500 охин оролцож байсан бол энэ удаа оролцогчдын тоо хоёр дахин нэмэгджээ. Энэ жил “Охидын ирээдүйн төлөөх алсын хараа” уриаг дэвшүүлжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр янз бүрийн хурал, арга хэмжээ болдог ч энэ чуулганы хувьд бодлого тодорхойлох түвшний хүмүүсээс эхлээд жирийн нэгэн сурагч, эцэг эхчүүд хамт оролцдогоороо онцлог. УИХ–ын дэд дарга Х.Булгантуяа болон Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Т.Энхбаяр нарын хэлсэн үг олон охинд итгэл бэлэглэж, сэтгэлд нь дөл бадраалаа.


Охидын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг, чадвартай, мэдлэгтэй болохыг нь дэмжих зорилгооор Монголын сайн дурынхны төв анхлан уг чуулганыг олон улсын хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлэн, эхлүүлж байлаа. Энэ жилийн хувьд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, БЗД-ийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс зэрэг хүүхдийн төлөө олон байгууллагын дэмжлэгээр дахин зуун зуун охинд уг хөдөлгөөний үзэл санаа хүрлээ.


Оролцооны гэх тодотголтой энэ чуулганд хүүхдүүд хамрагдахаас гадна хамгийн чухал нь сайн дураараа ажилладаг. Энэ жилийн хувьд он гарснаас хойш нийт гурван сарын хугацаанд төлөвлөгөө гарган, "хөшигний арын" ажлыг сайн дурын хүүхдүүд гүйцэтгэжээ.

Тэдний нэг болох А.Оюундарь гэхэд л өөрийн илтгэлдээ маш их ач холбогдол өгч, гурван сарын хугацаанд бэлдсэн байна. 700 хүүхдийн өмнө гарах нь маш их айдастай байсан хэдий ч охидын эрхийн төлөө учраас л тэр өнөөдөр тайзан дээр зориглон, өөрийн илтгэлээ амжилттай танилцууллаа.

Тэрээр "Охид, эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсээс илүү гарах гэж зүтгэсэн зүйл байхгүй. Зөвхөн эн тэнцүү байхыг хүсдэг. Ялангуяа санхүүгийн хувьд, хөдөлмөрөө үнэлүүлэхдээ хүйсээс хамаарахгүйгээр үнэн бодитой үнэлдэг байх шаардлагатай. Энэ нь эргээд эрэгтэй хүний нуруунд буудаг өрхийн санхүүгийн дарамтыг багасгах, нөгөө талдаа эмэгтэйчүүд бие даасан, санхүүгийн хувьд хараат бус байх үндсэн юм" гэлээ.

Чуулганд оролцогч охид, “Биднийг сонсооч ээ! Хэрэв бидэнд хамааралтай шийдвэр гаргах бол саналыг минь тусгадаг байгаасай” гэж хүсч байгаагаа дуу нэгтэйгээр хэлж байлаа. Өөрт тулгамдсан асуудлаа хэлж чадахгүй байгаадаа,  өмсөж зүүснээсээ санаа зовон бусдын харцнаас зугтах үе тулгарахад маш их ядардаг гэлээ. Гэхдээ тэд чуулганд оролцсоноор зугтаад гүймээр, орхиод явмаар олон асуудлыг биеэрээ туулах хүчтэй болсон мэт мэдрэмж авснаа ч хуваалцлаа.

Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа нээлтийн үеэр “Охидын хүч хязгааргүй. Тэд хамтдаа маш олон зүйлийг хийж, нэгнээ дэмжин хайрлаж чаддаг. Сайн дурын ажлаар дамжуулан тэд бусдад гэрэл гэгээ, хайр түгээдэг. Хэцүү санагдсан бүхний цаанаа инээгээд гарах хүч тэдэнд бий."

Чуулганы үеэр охидыг сонсох голчлон тулгамддаг асуудлуудыг хэлэлцэх панел хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээр охидын эрүүл мэнд, аюулгүй байдал, хамгаалал, сэтгэл зүйн эрүүл мэндийг хөндөн ярилцав. Хэлэлцүүүлгийн модератор БЗД–ын ГБХХХХ–ийн дарга Ц.Үүрцайх  “Охидын хөгжлийг дэмжих, чадавхжуулахад чиглэсэн бүхий л хүчин чармайлт ирээдүйн хүний эрх, тэгш боломжийн суурь асуудал юм. Өнөөдөр бол нийгэмд нөлөөлөл, охид эмэгтэйчүүдийн дуу хоолойг нийтэд хүргэх өдөр” гэж хэллээ.

“Охин болохоор л ямар нэг юмнаас гадуурхагдаж үлддэг” гэсэн хандлагыг өөрчлөхөд охидын манлайлал чухал нөлөөтэй. Ямар үйл ажиллагаанд хэрхэн оролцох уу? Яаж нэгдэх үү? Дуу хоолойгоо хэнээр дамжуулан хаана хүргэх ёстой вэ гэдгээ мэддэг байх нь чухал байна. Тэр дундаа өсвөр насныхан өөртөө итгэлтэйгээр зөв зүйлд дуугарч,  тулгамдсан асуудлаа хэлж, томчуудтай хамтдаа гарц хайхыг хүсдэг нь чуулганд оролцогчдоос ажиглагдсан" гэж НЗД бөгөөд УБ хотын Захирагчийн боловсрол, эрүүл мэнд хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа онцлов.

Өнөөдрийн чуулганд НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин, Залуу судлаачийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Ж.Номин, дуучин, сайн үйлсийн элч Ж.Алтанцэцэг, С.Гантогоо, “Miss Universe 2024” тэмцээний оролцогч З.Номинзул нар оролцож охидын эрхийн төлөө үзэл бодлоо илэрхийллээ.


“BECAUSE I AM A GIRL”  чуулганд оролцогчид өнөөдрийг баярын өдөр гэж хүлээж авахаас илүүтэй эрхийнхээ талаар ярилцах, хэлэлцэх, дуу хоолойгоо өргөх өдөр гэж харж байлаа. Ирэх жилийн энэ өдөр эргээд энэ чуулган дээр уулзах амлалт нэгэндээ өгч буй охид хүртэл байв. Энэ мэт нөгөө л нэг уйтгартай, утга учир нь алсарсан хурал биш охидын сэтгэлд гал асаадаг онцгой өдөр нь "BECAUSE I AM A GIRL" чуулган болжээ.





Comments


bottom of page