top of page

Орон нутгийн сонгууль ба хүүхдийн төлөө амлалт


10-р сарын 11 бол иргэдийн хувьд амьдарч буй баг, сум, хороо, дүүргээ ирэх дөрвөн жилд хэний гарт даатгах вэ гэдгээ шийдэх асар ач холбогдолтой сонгуулийн өдөр юм.


Энэ жилийн хувьд иргэн та өмнөхөөсөө ч илүү хянуур сонголтоо хийх шаардлагатай. Энүүхэндээ л гэж танд хэлэхэд УИХ-ын сонгуульд өрсөлдөөд гарч чадаагүй, "сандал ширээний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй" хүмүүс ч орон нутгийн сонгуульд дахин боломж горилж байна. Боломж гэдэг нь улсаа хөгжүүлэх биш "ууж идэх боломж" гэж шулуухан хэлэхэд буруудахгүй биз. Тиймээс орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн намтар, мөрийн хөтөлбөрийг нь судалж, саналаа өгөхийг уриалъя.


Ингээд уншигч танд УИХ-д суудалтай намуудын ИТХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт хүүхэдтэй холбоотой ямар ажлуудыг хийхээр тусгасныг хүргэж байна.


Хүүхдийг "дагавар сэдэв" мэтээр мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа нөхцөлд та сургууль, цэцэрлэгийн хүртээмж, хүүхдэд ээлтэй орчин нэхээд ч нэмэргүй юм.


“Үндэсний Эвсэл”-ээс дэвшүүлж буй мөрийн "Иргэн баян бол хот баян" хөтөлбөрт Хүүхдэд ээлтэй хот дэд зорилт оруулсан нь сайшаалтай.

Үүнд:

1. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр иргэний

нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран ажиллана.

2. Бага насны хүүхдийн эрүүл мэндийн хяналтыг цахимжуулж, шаардлагатай

эмчилгээ, үйлчилгээний хүртээмжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр оновчтой

зохион байгуулна.

3. Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, Цалинтай ээж

хөтөлбөр хэрэгжүүлнэ.

4. Цэцэрлэг, сургуулийн бүртгэл, элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулж,

сугалааг хална.

5. Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд сургуулийн байр,

дотоод орчныг суралцагчдын онцлогт нийцүүлэн тохижуулж, олон улсын

стандартад нийцүүлнэ.

6. Цэцэрлэг, сургуулийн орчинг камержуулж, хүүхдийн эрхийн зөрчилд хяналт тавих

боломжийг бүрдүүлнэ.

7. Хүүхдэд зориулсан танин мэдэхүйн музей байгуулна.

8. Хүүхдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, осол гэмтлээс урьдчилан

сэргийлэх зорилгоор нөлөөллийн олон талт арга хэмжээ зохион байгуулна.

9. Сургуулиас гэр, гэрээс сургууль хүртэлх замд хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс

урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ.

10. Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх, хамгаалах бодлого хэрэгжүүлнэ.

11. Шаардлага хангасан сургуулийн болон хүүхдийн автобусаар хүүхдэд үйлчлэх

санаачилгыг дэмжиж, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого баримтална.

12. Хүүхдийн хөгжлийн төвүүд байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр

хэрэгжүүлж, хүүхэд хөгжлийн үйлчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлнэ хэмээн хүүхдийн эрхтэй холбоотой 12 ажлыг амлажээ.


МАН-аас дэвшүүлж буй "Хотын сэргэлт - Шинэ Улаанбаатар" мөрийн хөтөлбөрийн Хүртээмжтэй хот дэд зорилт дотор Хүний хөгжил, нийгмийн хамгааллын хүрээнд "Хүүхэд" хэмээн онцгойлон тусгажээ.

  1. Улаанбаатар хот орчмын ногоон бүсэд байгаа хүүхдийн зусланг төрөлжсөн хөтөлбөртэй болгож, зуны болон өвлийн амралтаа бүтээлч байдлаар өнгөрүүлэх боломжийг бүрдүүлнэ.

  2. Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, арчлалт үйлчилгээг оршин суугчдын оролцоотой хийж, аюулгүй байдлыг хангана.

  3. Сургуулийн боловсролын хөтөлбөрт эрүүл мэнд, хог хаягдал, байгаль орчин, ажил мэргэжил, замын аюулгүй байдлын талаарх салбарын мэргэжилтний сургалтыг хичээлийн хөтөлбөрт тусгуулна гэжээ. Мөн бусад зорилт дотор хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх зэрэг асуудлуудыг хавчуулан тусгажээ.


Мөн ХҮН намаас дэвшүүлж буй "Мэргэжилтнүүд өөрчилнө" мөрийн хөтөлбөрт хүүхэд гэж тусгайлан заасан ямар нэг дэд зорилт байхгүй байна.


Гэхдээ Хот-Амьдрахад таатай орой зай дэд зорилтод "Хотод хүүхэд, залуучуудын идэвхтэй, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих орон зайн төлөвлөлт бүхий тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэж багтаажээ. Мөн Хот-Зорчилт хөдөлгөөний ухаалаг зохицуулалт дэд зорилтын хэсэгт "Хүүхдүүдийн тоглох орон зайг цогцоор төлөвлөн, насны онцлогт тохирсон дөрвөн улирлын турш ашиглагдах аюул эрсдэлгүй орон зайг бий болгоно" гэж тусгажээ.


Харин Ардчилсан намаас "Хүүхдийн төлөө хот" уриатайгаар орон нутгийн сонгуульд өрсөлдөж буйгаа зарласан билээ. Ардчилсан намын сайтад нийтэлснээр 2024 оны аймгийн ИТХ-ын ээлжит сонгуульд "Бүтэн Улаанбаатар бүрэн хөгжил" мөрийн хөтөлбөр дэвшүүлж байна хэмээн нийтэлжээ. Уг мөрийн хөтөлбөрт ХҮҮХЭД гэж тусгайлсан заалт байхгүй. Харин нэг дүгээр дэд зорилтын хүрээнд "Сургалтын тэгш хүртээмжийг хангах зорилгоор алслагдмал сургууль цэцэрлэгийн сурагчдын цахим сургалтын хүртээмжийг нэмэгдүүлнэ" гэсэн ганцхан өгүүлбэр шууд утгаараа хүүхэд гэж онцолсон ганц зүйл байлаа.


Намуудын мөрийн хөтөлбөрт хүүхдийн эрүүл мэнд, боловсрол зэрэг олон асуудалд дам байдлаар нөлөөлөх ажлуудыг тусгасан байснаас зөвхөн ХҮҮХЭД гэж онцолсон хэсгийг уншигч танд сорчлон хүргэлээ.


Иргэн та орон нутгийн сонгуульд саналаа өгөхөөсөө өмнө таны эргэн тойронд ямар асуудал түгээмэл байгааг бодолцон, мөрийн хөтөлбөртэй нь танилцаад, шийдвэрээ гаргахыг уриалж байна.  


0 comments

Comentarios


bottom of page