Өнөөдөр иргэн таны Үндсэн хуулиар олж авсан сонгох эрхээ эдлэх өдөр. Өнөө өглөөний 07 цагаас аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт эхэллээ. Та бид яагаад саналаа өгөх ёстой, ямар ач холбогдолтой талаарх мэдээллийг хүргэж байна.
ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙНА ВЭ?
Өнгөрсөн зургаадугаар сард бид хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-д төлөөллөө сонгож, өөрийгөө төлөөлөн хууль санаачлах, боловсруулах, батлах хүнийг сонгосон. Харин энэ удаагийн сонгуулиар бид өөрийн амьдарч буй нийслэл, дүүрэг, аймаг, суманд та бидний өмнөөс шийдвэр гаргаж, амьдарч буй орчны өнгө төрхийг тодорхойлох, өдөр тутмын амьдралыг авч явах төлөвлөлт хийж, татварыг мөнгийг таны өмнөөс захиран зарцуулах эрх бүхий нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүдийг сонгох гэж байна.
Тухайн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгч нь иргэдтэй хамгийн ойр ажиллаж, хурлаас гаргасан шийдвэрийг сонгогчдодоо тайлбарлан таниулах, хурлын шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээн ажилладаг.
Мөн орон нутгийн тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотойгоор засаг даргад асуулт, асуулга тавьдаг. Үүнээс гадна, иргэдээс тавьсан өргөдөл, санал гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх, эрх бүхий албан тушаалтанд уламжлан, хариуг хуульд заасан хугацаанд авах, үйл ажиллагаагаа жилд нэг удаа сонгогчдод танилцуулах, аливаа хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг иргэдийн дунд зохион байгуулж, тэдний саналыг авч нэгтгэх зэрэг ажлыг хийдэг юм. Энэ талаас нь харвал, орон нутгийн сонгууль бол та бидний өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлэхүйц, хамгийн хариуцлагатай сонголт гэж хэлж болно.
САНАЛАА ӨГӨХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ БҮХ НИЙТЭЭР АМАРЧ БАЙНА
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 2395 тойрог, 8031 мандатын төлөө 10 нам, 1 эвслээс 17010, бие даан нэр дэвшигч 268, нийт 17278 нэр дэвшигч шат, шатны сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгаад байна. Нэр дэвшигчдийн 5582 буюу 32.3 хувь нь эмэгтэй, 11696 буюу 67.7 хувь нь эрэгтэй бөгөөд насны хувьд 31-50 насныхан зонхилж байна.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2 сая 246 мянган иргэн саналаа өгөхөөр байна. Нийт сонгогчийн 1 сая 146 мянга нь Улаанбаатар хотод, 1 сая 102 мянга нь хөдөө орон нутагт байна. Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өчигдөр мэдээлэл өгөх үеэрээ “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь Монгол Улсын иргэд тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх үндсэн арга юм. Амьдарч буй нутгийнхаа өөрөө удирдах байгууллагыг бүрдүүлэх өдрөөр бүх нийтээр амарч байгаа нь сонгогч Таныг саналаа өгөх боломжоор хангаж байгаа гэдгийг ойлгож хариуцлагатай хандахыг хүсье ээ. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын удирдлага чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэйг мөн сануулъя” гэсэн юм.
Commentaires