Он гарсаар 12 хүүхэд усанд осолдож, энджээ
- Jul 9
- 1 min read

Улсын хэмжээнд энэ оны эхний зургаан сарын байдлаар 12 хүүхэд усанд осолдож, энджээ. Үүнтэй холбогдуулан НОБГ-аас Туул гол дагуу хүний амь нас эрсдэх аюултай 390 гаруй хар цэгийг тогтоосон байна.
Нийслэлтэй хамгийн ойр байрлах 20 хар цэг буюу Хадан хясаанаас Хар усан тохой хүртэлх 50 км зайд завьт болон хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллаж байна. Тухайн цэгүүдэд тэмдэглэгээ тавьдаг ч иргэд үл тоох, анзаарахгүй байснаас үүдэн усны осол гарч буйг анхаарууллаа. Хар цэг гэдэг нь хоёроос дээш хүний амь нас эрсэдсэн газрыг хэлдэг байна.
Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 5-ны өдөр долоо болон 11 настай хүүхдүүд голд живж, амь насаа алдсан харамсалтай осол бүртгэгдээд байна. Иймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулан, голд орохдоо стандарт бус хийлдэг завь, гудас ашиглахгүй, хар цэгүүдэд амрахгүй байхыг анхаарууллаа.



Comments