Энэ жил ЕБС-ийн 12 дугаар ангиа дүүргэсэн Н.Амингэрэл “Өсвөр насны охидод зориулсан зөвлөмж ном”-оо гаргажээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
Юуны өмнө манай уншигч, үзэгчдэд өөрийгөө танилцуулахгүй юу? Яагаад ном бичье гэж шийдэж байв?
Сайн байцгаана уу? Намайг Насанбатын Амингэрэл гэдэг. “Олула” сургуульд суралцдаг. 18 настай. “Өсвөр насны охидод зориулсан биеэ хэрхэн хамгаалах зөвлөмж” номоо гаргаад байна. Энэ номоо гаргах болсон маань учиртай. Би ЕБС-ийн сургуульд суралцах хугацаандаа нийтдээ есөн удаа шилжиж байсан юм. Сумын сургууль, Улаанбаатар хотын улсын сургууль, хувийн сургууль гээд л дамжин суралцсан. Тэр тоолондоо үеийнхээ охидоос “Би сэтгэл зүйн асуудалтай тулгараад үнэхээр хэцүү байна. Хэн нэгний бие махбодийн хүчирхийлэлд тодорхой хэмжээнд өртлөө. Надад хэцүү байна” гэдэг үгийг маш их сонсдог байлаа. Тэр болгоныг би маш их хүндээр хүлээж авдаг байсан. Ингээд “Яаж би бусдад тусалж чадах вэ” гэж бодсоны үндсэн дээр есдүгээр ангид сурч байхдаа ном бичих судалгааны ажлаа эхлүүлсэн.
Номоо гурван жилийн хугацаанд хөдөлмөр гаргаж бичжээ. Номондоо ямар гол агуулгуудыг багтаахыг зорьсон бэ?
Жишээлбэл, цохилтын техникүүд, аргагүй хамгаалалтыг зөвөөр, хэтрүүлэхгүйгээр ашиглах тухай багтсан. Цаашилбал, нохой дайрвал өөрийгөө хэрхэн хамгаалах, машин болон автобусны аюулгүй суудлууд, мөн цахим орчны сөрөг нөлөөнөөс өөрийгөө хамгаалах гэх мэтчилэн бүх насны хүүхдүүд, сурагчид үзэх боломжтой агуулгуудыг номондоо тусгахыг зорьсон.
Номоо бүтээхэд гэр бүлийнхнийхээ, найзуудынхаа тусламжийг авсан уу?
Ном гаргах хугацаанд хамгийн их тусалсан хүн гэвэл аав маань байна. Номынхоо судалгааг хийж байхдаа аавдаа санаагаа хэлсэн. Тэгтэл аав маань маш их дэмжиж “Номынхоо зургийг 3D-ээр зуруулбал их зүгээр юм байна гэдэг санааг хэлсэн. Би номынхоо хавтасны зургийг өөрөө зуръя гэж бодож байсан ч аав маань миний номын агуулга, дизайн гээд бүх зүйлийг илүү сайн болгоход хамгийн их тусалсан.
Номоо бичиж байхад шантрах үеүд ч байсан. “Би яг юу хийгээд байна аа” гээд компьютерийнхоо дэлгэцийг хаагаад уйлах үе ч гарсан. Тэр болгонд аав ээж хоёр минь маш их урам зоригийг надад өгсний хүчинд би номоо гаргасан. Хамгийн том дэмжлэг гэвэл энэ номоо хэвлүүлэх зардлыг аав ээж хоёр маань надад зээлүүлсэн. Би аав ээжээсээ мөнгө аваад, үнэгүй зүйлс аваад суухыг хүсээгүй болохоор номоо борлуулж дууссаныхаа дараа хэвлэлтийнхээ зардлын зээлсэн мөнгөө аав ээж хоёртоо эргүүлж өгнө гэж бодож байгаа.
Ярилцлагын эхэнд “Би есөн удаа шилжиж байсан” гэж ярьсан шүү дээ. Тэгж сургуулиас сургууль хооронд шилжих тоолонд чамд ямар асуудлууд тулгардаг байв?
Намайг бага байхад манайх хөдөөнөөс хот руу, хотоос орон нутаг руу нэлээд их нүүсэн. Мэдээж би байх зөв газраа олохын тулд удсан. Олон удаа шилжсэн болохоор бусдын дээрэлхэлтийг илүүтэй мэдэрдэг байлаа. Үе тэнгийн дээрэлхэлтэд өртөж байсан. Дээрээс нь, хүйсээр ялгаварладаг байдлыг үеийнхнээсээ их анзаардаг байлаа. “Эрэгтэй хүүхдүүд нь охидтой найзлахгүй” гээд, охид нь бас ийм тийм гээд юм яриад л ер нь хэцүү шүү дээ. Үүнээс болоод сэтгэл зүйн асуудлуудтай ч тулгарсан. Гэхдээ өөрөө би найз найзууд, хүрээллээ олж чадсан болохоор хүндрэл багатай даван туулсан.
Өөрийн чинь бүтээлийг уншаад хүүхдүүд ямар санааг өөртөө тусгаж аваасай гэж бодож байна вэ? Нөгөө талдаа томчууд тусламж хэрэгтэй хүүхдүүдэд яаж туслаасай гэж бодож байна?
Амьдралд юу ч тохиолдож магадгүй шүү дээ. Номыг маань уншсан охид асуудлын өөдөөс, ямар ч хүний өөдөөс мөр цэх, харц дээшээ байгаасай гэж хүсэж байна. Өөртөө итгэлтэй алхдаг байгаарай гэж хэлмээр байна. Мөн эцэг эхчүүдэд хандаж хэлэхэд хүүхдэдээ маш сайн тусалж дэмжээрэй.
Ярилцлагын төгсгөлд өөрийнхөө зорилго, мөрөөдлийнхөө тухай хуваалцахгүй юу?
Би гадагшаа явж сурахаар төлөвлөж байгаа. Түүнээсээ өмнө эх орондоо олон газраар явж аялах мөрөөдөлтэй. Мөн өөрийгөө олон талаар хөгжүүлж, хийж чадах бүхнээ хийхийг хүсэж байна.
תגובות