top of page

НҮБ-ын Хүүхдийн Сан:Английн Элева сангийн дэмжлгээр ус, ариун цэврийн нөхцлийг сайжруулна


2025 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас орон нутгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдийн ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах шинэ төслийг эхлүүлж байна. Уг төслийг Английн Элева сан болон Их Британийн НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлнэ.


Монгол Улсын нийт хүн амын ердөө 30 хувь нь аюулгүй ундны усаар хангагдсан бол дөнгөж тал гаруй нь шаардлага хангасан ариун цэврийн байгууламж ашиглаж байна. Ялангуяа бохир ус цэвэрлэх систем сул байгаа нь усны чанар, цаашлаад хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.


Дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих тус төслийн хүрээнд нийт 18 аймгийн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвүүдэд нарны эрчим хүчээр ажиллах орчин үеийн ус, ариун цэврийн байгууламжийг суурилуулна. Үүгээр дамжуулан нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой бөгөөд нийт нэг сая гаруй хүнийг сайжруулсан ус, ариун цэврийн үйлчилгээгээр хангана.

Төслийн хүрээнд дараах ажлуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Нарны эрчим хүчээр ажилладаг ухаалаг ус түгээх цэгүүдийг байгуулж, 24 цаг аюулгүй ундны усаар хангана.

  • Контейнэр ашиглан нарны эрчим хүчээр ажилладаг ариун цэврийн байгууламж болон бага оврын бохир ус цэвэрлэх системийг суурилуулна.

  • Орон нутгийн удирдлагатай хамтран аюулгүй ундны ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэдлэг мэдээллийг ард иргэдэд түгээнэ

  • Төслийн хүрээнд хийгдэх барилга, суурилуулалтын ажлын 30–50 хувийг орон нутгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Цэвэр технологийг ухаалаг шийдлүүдтэй хослуулсан энэхүү төсөл нь Монгол орны алслагдсан бүс нутгийн айл өрхүүдэд эрүүл, тогтвортой ирээдүйг бүтээхэд хувь нэмэр оруулна.


Элева сан нь өөрийн хүмүүнлэгийн ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай урт хугацаанд хамтран ажиллаж ирсэн бөгөөд тус сангийн хөгжлийн болон хүмүүнлэгийн олон талт хөтөлбөрүүдээр дамжуулан хүүхдүүдийн амьдралд тогтвортой эерэг өөрчлөлтий бий болгож байна.


Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан

Comentarios


bottom of page