
Сүхбаатар аймаг дахь Мандарваа цэцэрлэг "Эко сургууль, цэцэрлэг" олон улсын хөтөлбөрт хамрагдахаар үнэлгээ хийжээ. Ингээд цэцэрлэгийн гадаах орчинд тамхины иш их хэмжээгээр хаядаг, эргээд бага насны хүүхдүүд энэ хэрээр дам тамхидалтад өртөж байгааг тогтоожээ. Улмаар нэг шил тамхины ишийг таван мянган төгрөгөөр үнэлэн, цуглуулж эхэлжээ. Ингээд цуглуулсан тамхины ишээ дахин боловсруулаад цементэн блокийн дотор талд дулаалгын материал болгон ашиглаж эхэлсэн байна.
Энэ бол Монгол улсын хэмжээнд уг хөтөлбөрт маш амжилттай хамрагдаж буй 278 цэцэрлэгийн нэг юм. Уг хөтөлбөрт мөн 380 ерөнхий боловсролын сургууль, 13 техникийн болон мэргэжлийн боловсролын сургууль хамрагдсан байна. Олон улсын стандартаар эко сургууль, цэцэрлэгтэй болох уг хөтөлбөр нь дэлхийн 101 оронд яг ижилхэн хэрэгждэг байна. Манай улсын хувьд 2011 оноос эхлэн албан албан ёсны эрхтэйгээр хэрэгжүүлж эхэлжээ.

Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ын Гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг "Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч "Эко-Сургууль, цэцэрлэг" хөтөлбөрийн Үндэсний IX чуулганаа зохион байгууллаа. НҮБ-ын боловсрол, байгаль орчны төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас энэхүү хөтөлбөрийг “Хүрээлэн буй орчны удирдлагын ISO14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг олон нийтэд түгээх, эзэмшүүлэх шилдэг туршлага, цогц арга зүй” хэмээн дүгнэж, дэлхийн улс орнууд хэрэгжүүлэн хамтран ажилладаг. Гадаад, дотоод орчны эрүүл, аюулгүй, ногоон байдлыг үнэлээд хэрхэн, яаж өөрчлөх талаар хамтын оролцоотой үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаад, орон нутгийн эцэг эхчүүд болон бусад байгууллагуудаа уриалан, жижиг төслөөс эхлээд үйл ажиллагаа эхэлдэг юм. Оролцсон байгууллагуудын ачаар тасралтгүй гурван жилийн хугацаанд "ногоон" байдлын хэмжээ нь 20 хувиар чанартай болсон үр дүнтэй гарсан" гэлээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй ажилласан сургуулиудын сайн жишээнээс хүргэе.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сургалтын менежер Ж.Асубай "Манай сургууль энэ хөтөлбөрийн хүрээнд дотуур байрны хуучин орны төмөр, спорт заалны хуучин шалны хаягдал модыг дахин ашиглаад, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхээр хашаа босгосон. Бид өнгөрсөн жил 500 гаруй мод тарьсан. Мөн эко 00 тун удахгүй ашиглалтад оруулах гэж байгаа. Ингэснээр хүүхдүүд завсарлагааны цагаар тайван ариун цэврийн өрөө ашиглах боломжтой болно. Одоо бол их завсарлагааны 10 минутад зарим хүүхэд нь 00 орж амждаггүй юм."

Орхон аймаг дахь Политехник коллежийн Эко зөвлөлийн ахлагч И.Батжаргал "Эко сургууль олон улсын хөтөлбөрт мэргэжлийн боловсролын оролцож байгаа нь бидний онцлог. Өдгөө гурав дахь жилдээ хамрагдаад, ногоон тугийн болзлыг хангасан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлыг багасгах чиглэлээр хуучин хувцсыг сэмлээд дулаалгын материал буюу машины хучлага, өвлийн майхан, хөнжил оёдог "Дулаахан" брэндийг хөгжүүлэх, хүнсний хог хаягдлыг компас бордоо болгох хоёр төсөл сургууль дээрээ хэрэгжүүлсэн."

П.Алтанхуяг Баянхонгор аймгийн 5-р цэцэрлэгийн харуул, хамгаалалтын ажилтан "Би цэцэрлэгийнхээ Эко зөвлөлийн анхны гишүүдийн нэг. Хаягдал материал цуглуулж устгалд оруулах, ногоон байгууламжаа өргөжүүлэх, хог хаягдлаа ангилан хаях зэрэг ажлуудыг хийдэг. Ер нь манайх хогоо ангилдаг байсан. Гэхдээ энэ хөтөлбөрийн хүрээнд бараг төгс ангилдаг, тушаадаг болсон шүү" гэв.
Олон улсын “Эко-сургууль/цэцэрлэг хөтөлбөр”-т хамрагдаж буй сургууль, коллеж, цэцэрлэгүүдийн удирдлага, багш, ажилнууд болон Байгаль Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн Яам, Боловсролын Яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцлоо.
Comments