Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл дэд зөвлөлтэй боллоо
- Jul 6
- 2 min read

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хоёрдугаар хуралдаан болж, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл, сурагчид оролцлоо.
Хуралдаанаар хүүхдийн эрх, хөгжил, оролцоог бодлого, шийдвэрт илүү үр нөлөөтэй тусгах зорилгоор Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дэд зөвлөлийг байгуулж, дүрмийг нь батлав. Тус зөвлөлд дүүргүүдийн хүүхдийн зөвлөлийн тэргүүнүүд болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтах бөгөөд хүүхдүүдийн санал, санаачилгыг шийдвэр гаргах түвшинд хүргэх чиг үүрэгтэй ажиллах аж.
Энэ үеэр НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва хүүхдэд ээлтэй хот зорилтын хүрээнд хүүхэд хамгаалал, хөгжил, оролцооны асуудлыг бодлогын тэргүүлэх чиглэл болгон хэрэгжүүлж буйгаа илэрхийллээ. Тэрээр аж үйлдвэрийн хувьсгал, цахим шилжилт, дижитал технологийн хурдацтай хөгжлийн энэ үед хүүхэд, өсвөр үеийнхний хэрэгцээ, сонирхолд нийцсэн бодлого шаардлагатай байгааг тэмдэглэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аюулгүй орчин бүрдүүлэх, амралт, чөлөөт цагийн боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хүүхдийн дуу хоолойг бодлого, шийдвэрт бодитоор тусгах нь чухал гэв.
Хуралдааны үеэр “Хүүхэд эрдэнэ хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, доктор Я.Байгалмаа Нийслэлийн хүүхдийн эрх, хамгааллын өнөөгийн байдлын судалгааг танилцууллаа. Судалгаагаар эрүүл мэнд, өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн хувь, осол гэмтэл болон хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо өндөр байгааг дурдсан юм. Үүнтэй холбоотойгоор хүүхэд бүрийн амьдрах, сурах, тоглох орчны стандарт, үйлчилгээний чанарыг сайжруулах, сурагчдыг чанартай үдийн хоолоор хангах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, ерөнхий боловсролын сургуулийн спорт, урлагийн заалыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулах, биеийн тамирын хичээлийн чанарыг дээшлүүлэх зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Улаанбаатар хот 2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” санаачилгад нэгдсэн бөгөөд Нийслэлийг хөгжүүлэх 2026 оны төлөвлөгөөний хүрээнд хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийг дэмжих, Хүүхдэд ээлтэй хот зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр 17, бусад салбартай уялдсан нийт 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Н.Учралын санаачилсан “Хүүхдийн төлөө ‘За бол заавал хийе’” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүүхдийн хөгжил, хамгаалал, аюулгүй орчныг дэмжсэн бүтээн байгуулалт, төслүүдийг нийслэлд хэрэгжүүлж байгаа аж.
Хуралдааны төгсгөлд хотын дарга Б.Пүрэвдагва Монголын Хүүхдийн ордон-2 буюу “Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон” Монголын Хүүхдийн ордны зургаан давхар спорт цогцолборын барилгын ажлын явцад хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Мөн Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сангийн өргөтгөл, Хот, нийтийн аж ахуйн ажлыг эрчимжүүлэх 21 хоногийн аян, Эрсдэлийг илрүүлье, аюулыг арилгая аян, хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хүүхдүүдийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр, Сүүн дархлаа хөтөлбөр, төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрвөн улирлын, нэг ээлжинд 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай зуслан байгуулах, сургуулийн автобусны төсөл зэрэг ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо.



Comments