top of page

Наадмын сурвалжилга: Нэг гэрийн таван харваач

  • Jul 9
  • 2 min read

Хүүхдийн эрхийн чиглэлээр дагнан ажилладаг Child.mn/Хүүхэд.мн сайтаас Үндэсний их баяр наадмыг угтсан сурвалжилгынхаа богцыг задалж байна. Бид Булган аймгийн Баяннуур сумыг зорьж, гэр бүлээрээ Эрийн гурван наадмын нэг сур харваагаар хичээллэж буй Борхүүгийн Баяндалайгийнхийг зорилоо.

Баяндалайгийнд сур харваачийн удам байхгүй ч тэрээр Баяннуур сумаас наадмаар харвах харваачтай байх ёстой гэж бодон, 2020 оноос харваж эхэлжээ. Тухайн үедээ багшгүй байсан учир утсаараа бичлэг үзээд, харваж сурсан байна. Улмаар 2022 онд Монгол Улсын мэргэн, Баатарын Дашзэвэг багшид шавь оржээ. Өдгөө Аймгийн мэргэн, спортын мастер цолтой. Өөрөө харвахын сацуу дөрвөн хүүхдээ ч мөн харваж сургажээ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваанд түүний том охин Ану 28-аас 28 онож, тэргүүлсэн юм.

Аймгийн мэргэн, спортын мастер Б.Баяндалай "Эрийн гурван наадмын нэг, үндэсний өв соёл гэдэг утгаар нь дөрвөн хүүхдээ сургаад явж байна. Сур харваа бол ухааны спорт. Салхи тооцоолно. Нартай байхад хараагаа ингэж зурна гэх мэт. Нэг орсон хүнийг улам л өөртөө татдаг. Сур харваагаар хичээллэснээр хүүхэд төлөв даруу болдог. 3, 4 хүүхдээ аваад л аймаг, сумын тэмцээнд их явна. Гэр бүлээрээ харваад явж байхад ар талыг эхнэр маань л зохицуулдаг. Эхнэртээ баярлалаа гэж хэлмээр байна. Улсын наадамд түрүүлсэн охиноороо мөн маш их бахархаж байна" гэлээ.

12 настай өсвөрийн харваач Б.Ану "Анх аав, ах хоёрыгоо дагаад сур харваагаар хичээллэж эхэлсэн. Одоо гурван жил болж байна. Анх аав шавь нартай болно гээд хүүхдүүд бүртгэж эхэлсэн. Надтай нас чацуу хүүхдүүд ороод байхаар нь би дагаж ороод, харваж эхэлсэн. Харваж байхдаа сэтгэл зүйгээ бэлдээд тайван байхыг хичээдэг. Нэг сум алдвал, нэг байр ухарна гэж аав дандаа захидаг. Гэр бүлээрээ харвахаар бүгд наадамдаа хамт яваад, ханьтай амар байдаг. Ирээдүйд Монгол Улсын мэргэн цолтой болох зорилготой."

10 настай өсвөрийн харваач Б. Алтанцэцэг "Харваад жил болж байгаа. Би ирээдүйд багш болно гэж боддог. Хүүхдүүдэд хичээл заах нь гоё л доо. Гэхдээ мэргэжлээрээ ажиллахынхаа хажуугаар харвана л гэж боддог."

14 настай өсвөрийн харваач Б.Тэмүүлэн "Булган аймгийн Баянннуур сумын Засагтхан клубийн харваач. 4 дэх жилдээ харваж байгаа. Манай ангид 33 хүүхэд байдаг. Надаас өөр харвадаг хүүхэд байхгүй. Харваж эхэлснээс хойш тэсвэр хатуужил сууж, анхаарал төвлөрөх нь сайжирсан гэж боддог. Өдөртөө 5-6 цаг бэлтгэл хийдэг. Анх эрхий хуруу аймар өвддөг байсан. Одоо бол дасаад зүгээр болсон. Ирээдүйд тогооч болно гэж боддог. Амттай хоол хийгээд хүмүүс амтархан идэхийг харах нь сайхан санагдах байх. Гэхдээ харвахаа бол зогсоохгүй гэж боддог."

7 настай Б.Өсөх-Оюут энэ жилээс харваж байгаа. Тэрээр Улсын аварга харваач болох мөрөөдөлтэй.


Нэвтрүүлгийг бүтнээр үзэх:





Comments


bottom of page