top of page

"Мэдрэмжээ цаасан дээр үлдээгээд сэтгэл тайвширлаа"


Олон улсын сайн дурынхны өдрөөр төв талбайд өсвөр насныхны амьдралын хэв маяг сэдвийн хүрээнд "Сайн үйлсийн өдөр" арга хэмжээ боллоо. Уг өдөрлөгийг Монголын сайн дурынхны төвөөс зохион байгуулж, өсвөр насны хүүхдүүдэд эрүүл зөв хооллолт, хорт зуршил, дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн талаар мэдээллийг сонирхолтой байдлаар түгээж, дөрвөн сэдвийн хүрээнд босгосон майхнаар зочилж мэдээлэл авч дууссан хүүхэд бүрд сертификат олголоо.


Энэ өдрийн онцлох арга хэмжээ нь цугласан сайн дурын 1000 хүүхэд хамтдаа бүжиглэсэн плаш моб байв.


Үүнээс гадна ирсэн хүүхдүүдэд мэдээлэл өгөх дөрвөн төрлийн агуулгатай майхан зассан байв. Эхнийх нь идэвхтэй дасгал хөдөлгөөнийг сурталчилж, цагараг эргүүлэх зэрэг бодит тоглоомуудыг байршуулжээ. Дараагийн майханд хорт зуршлын талаар мэдээллийг бяцхан туршилтаар хүүхдүүдэд танилцуулж байв. Мөн хүүхэлдэйн театрын тайз босгож, багачуудад үлгэрээр дамжуулан хорт зуршил хүүхдүүдийн эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар ойлгуулж байв.




Өдөрлөгт оролцсон хүүхдүүдэд хамгийн их таалагдсан майхан бол сэтгэл зүйн анхан шатны оношилгоо хийж, зөвлөгөө өгч буй хэсэг байлаа. Мөн "Мэдрэмжээ хуваалцах хэсэг гаргасан нь бухимдалтай, стресстэй бүхнээ энд үлдээгээд явж байгаа юм шиг санагдаж байна" хэмээн зарим оролцогч хүүхэд онцолж байв.






Comments


bottom of page