Монгол Дохионы хэлний цахим толь бичиг нь хэрэглэгчдэд дохионы хэлийг хялбар, хурдан ойлгомжтой байдлаар танилцуулсан, Монгол дохионы хэлний мэргэжилтнүүд, багш нар, судлаачид, сонсголгүй иргэд болон хэлмэрчид, олон нийтэд үнэ төлбөргүй ашиглах боломжтой онлайн платформ юм.
Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад Харилцааны Яам болон Финландын ФЛОМ байгууллагын санхүүжилтээр “Тэгш тусгал” ТББ-тай хамтран 2021-2024 оны хугацаанд хэрэгжүүлсэн “Сонсголгүй иргэдийн хэлний адилслыг бэхжүүлэх төсөл” ийн хүрээнд бүтээсэн энэхүү толь бичгийг бүтээсэн байна. Монгол дохионы хэлний цахим толь бичиг нь Монголын сонсголгүй иргэдийн хэлний боловсрол, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, тэдний эрхийг хамгаалах, соёл, хэлний адилслыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж талууд үзэж байна.
“Тэгш тусгал” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Ариунтуяа “Тус цахим толь бичгийг бүтээхдээ Монгол Улсын 21 аймагт хийсэн өргөн цар хүрээтэй судалгааны үр дүнд тулгуурласан. Дөрвөн жилийн хугацаанд Монгол дохионы хэлний судлаачид хоёр баг болж нийт 24 442 км замыг туулж, 21 аймаг, 9 дүүргийн 18-аас дээш насны нийт 90 сонсголгүй иргэдийн төлөөлөлтэй уулзаж баримт мэдээлэл цуглуулах ярилцлагын аргаар Монгол дохионы хэлний эх судлагдахуун өгөгдлийг цуглуулсан.” гэж танилцууллаа. Дохионы хэлний судалгааны ажлын аргачлал, арга зүйг Финланд улсын Дохионы хэлний мэргэжилтнүүд заж зөвлөж, тэдний удирдлага дор цахимаар, бичлэн ирж зааж зөвлөж ажиллажээ.
Судалгааны үр дүнд хийгдсэн Монгол дохионы хэлний цахим толь бичиг нь ашиглалтад орсноор сонсголгүй иргэдийн нийгмийн идэвх, тэгш оролцоо дэмжигдэх, Монгол дохионы хэлний адилслыг бэхжүүлэх, Монгол дохионы хэлийг баримтжуулах, хэл зүйн дүрмийг цахим хэлбэрээр хадгалах болон хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол дохионы хэлний хуулийг ирэх намрын УИХ-ын чуулганаар батлахаар төлөвлөж байгааг УИХ-ын гишүүн С.Зулпхар толь бичгийн нээлтийн үеэр мэдэгдлээ.
Comments