Хаягдал үрээр моносны мод ургуулах санаачилгыг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар гаргаж, Хэнтий аймгийн Дадал сумын “Ногоон арал” экоклубын сурагчидтай хамтран 2019 оноос “Мойлхон чамд баярлалаа” аяныг өрнүүлж байна.
Бид байгалиа хайрлан хамгаалъя гэж ярьдаг мөртлөө цагаа тулахаар эсрэг зүйл олныг хийдэг. Байгалийн баялгыг зөв зохистой ашиглаж чаддаггүй. Нөгөө талаар боломж байхад дандаа байгалиасаа авна гэдэг зөв сонголт биш л дээ. Өөрсдөө тариад мойл идэх боломж байгаа. Тэгвэл хүүхдүүд үүнийг сайн ойлгож санаачилга гаргасан нь үнэхээр талархууштай. Тэд хог болоод хаягддаг үрээр мойлны үрсэлгээ ургуулж чадаж байна. “Ногоон арал” экоклубын гишүүд мойлны үрсэлгээ ургуулах ажлыг хариуцаж ажилладаг. Бас энэ ажлын ач холбогдлыг үе тэнгийнхэндээ сурталчилдаг.
Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар хүүхдүүд аянд идэвхтэй оролцож байгаа аж. Ач холбогдлыг нь сайн тайлбарладаг болохоор дэмжлэг ч сайн. Сүүлийн жилүүдэд экоклубын 40 гаруй сурагч монос модыг үрээр тарих, арчлах аргачлалд суралцжээ. Хүүхдүүд идсэн жимснээсээ авсан үрээ үрслүүлж мод болтол нь хайрлаж хамгаалж, улмаар төгөлтэй болно гэж зорьж байгаа юм.
Сурагчид 2024 оны тавдугаар сарын байдлаар тарих боломжтой 2-3 настай, нийт 3000 орчим моносны үрсэлгээтэй болжээ. Тэд өнгөрсөн тавдугаар сарын эхээр болсон Мод тарих үндэсний өдрөөр 600 ширхэг суулгацыг сумынхаа 120 өрхөд тус бүр 5 ширхэгийг өгч тариулсан. Үүнийг нутгийн иргэд талархалтай хүлээн авч хашаандаа нэмж мод тарихаа амлаж байсан нь энэ аян амжилттай үргэлжлэхийн нэг нотолгоо гэхэд болно.
Сум орон нутгийн удирдлагууд хүүхдүүдийн санаачилгыг дэмжиж хамтран ажиллаж байгаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” олон улсын чуулганд “Ногоон арал” экоклубын сурагчид оролцож аяныхаа талаар үе тэнгийнхэндээ танилцуулсан нь тэдний сонирхлыг их татсан. Чуулганд оролцсон БОАЖЯ-ны удирдлагууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид тэдний хичээл зүтгэлийг ихэд сайшааж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн чухал ажил боллоо хэмээн онцолж байсан юм.
“Мойлхон чамд баярлалаа” аяныг хэрэгжүүлсэн нь олон давуу талтай. Юуны өмнө бидний ирээдүй болсон хүүхдүүд маань өөрсдөө санаачилж байгалиа унаган хэвээр нь хадгалахад хувь нэмрээ оруулж, бусдад үлгэр дуурайлал болж байгаа нь том ололт амжилт юм. Мэдээж олон талын ач холбогдолтой. Жишээлбэл, хүлэмжинд тарих боломжтой, өрх бүр моносыг үрээр тарьж ашигласнаар байгальд ирэх дарамт буурч уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулна, сурагчид байгалийн баялгыг зөв зохистой ашиглах дадалд суралцсан зэргийг дурдаж болно. Дадал суманд олон айл гэрийнхээ гадна мойл тарьдаг болжээ. Удахгүй аяныхаа нэрээр төгөл байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.
Comments