"Миний хүү шалгалтаа сайн өгч чаднаа. Ээж нь итгэж байна"
- child.mn
- Jun 18
- 2 min read

Элсэлтийн шалгалт бүхнийг шийдэхгүй ч сурч мэдсэн зүйл, хичээл зүтгэл гаргасан өдрүүдийнхээ үр дүнг гаргаж, ээж, аав, гэр бүлийнхэн, багш нарынхаа итгэлийг талаар болгохгүй юмсан гэх бодол төгсөгч бүрийн дотор бий. Элсэлтийн шалгалт эхэлж байгаа энэ өдөр шалгалтын төв болсон сургуулиудад хөл хөдөлгөөн ихтэй байна. Манай сурвалжлах баг Нийслэлийн 21 дүгээр сургуулиас шалгалтын талаар сурвалжиллаа. Шалгалт өгөх сурагчид сургуулиар хаалгаар ормогцоо бичиг баримтаа шалгуулна. Улмаар шалгалт өгөх ангидаа орохын өмнө тусгай мэдрэгч төхөөрөмжөөр биедээ ямар нэг хориглосон зүйлс нуусан эсэхийг шулгуулна. Ингээд цааш шалгалтаа өгөхөөр орж байлаа.
Аав, ээжүүд хүүхдэдээ ая тухтай, тайван байх, зөвхөн хичээлдээ анхаарах боломжийг олгож өгсөн бол багш нар дан ганц хичээлийн давтлага бус сэтгэл зүйн бэлтгэлийг хамтад нь хийсэн талаараа хуваалцаж байлаа.

Өөрийн гараар өсгөсөн ач хүүгээ шалгалтаас гарч ирэхийг хүлээж буй Д.Тунгалаг эмээ ингэж ярилаа. “Урд нь нэг сургууль сонгоод түүндээ л бэлддэг байлаа. Харин орчин үед их өөр болжээ. Ач хүү маань л гэхэд арван өөр сургуульд хүч үзэж, бүртгүүлсэн сурагтай байгаа. Хүү маань санасандаа хүрч, зорьсон оноогоо авчихвал сайхан л байна. Элсэлтийн шалгалт нь төгсөгч хүүхдүүд сургуульд юу сурч мэдсэнээ баталгаажуулж, ямар хэмжээнд яваагаа дүгнэх ач холбогдолтой. Эцэст нь элсэлтийн шалгалт өгч байгаа хүүхэд бүхэн авбал зохих оноондоо хүрээсэй” гэлээ.

Түүний хажуухан талд хүүхдүүдийн цүнх, бичиг цаас, утас зэргийг "маллан" үлдсэн Ж.Батсор сууж байв. Гурван хүүхэдтэй бөгөөд дунд хүүгийнхээ амьдралын чухал өдрүүдийн нэгт хамтдаа байж, тусалж, дэмжихээр ирсэн байна. Тэрээр "Ээж хүнийхээ хувьд элсэлтийн шалгалт өгөх гэж байгаа хүүгээ гэрийн ажлаас чөлөөлж, аль болох тайван байлгаж, хичээлдээ анхаарах боломжийг нь олгосон. Хүү маань элсэлтийн шалгалтын эрх олгох эх хэлнийхээ шалгалтад маш сайн оноо авсан болохоор энэ удаа ч гэсэн итгэл дүүрэн хүлээж байна. Миний хүү чаднаа” хэмээн инээмсэглэлээ.

Том охиныхоо өмнөөс догдлол дүүрэн хүлээж буй ээж, охин хоёр сэтгэгдлээ хуваалцсан юм. Ээж Б.Туяа нь “Хуульч болох хүсэл зорилготой охиндоо маш их итгэж, догдлон хүлээж байна. Охин маань шалгалт руу гаа тайван орсон болохоор амжилттай гарч ирнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Учир нь шалгалтын энэ өдөрт л хамгийн сайнаараа бэлдэж, чадлынхаа хэрээр хичээсэн” гэлээ. Харин шалгалт өгч буй охины дүү П.Номин "Эгч маань өдөр бүрийг зөвхөн шалгалтдаа зориулж байсан. Чадна гэдэгт нь итгэж байгаа болохоор амжилттай шалгуулаад гарч ирэхийг хүсэж байна" гэлээ.

Хүүхдийнхээ өмнөөс догдолсон, санаа зовсон, амжилт ерөөсөн эцэг, эхчүүдээс гадна шавь нараа хүлээж буй багш нар ч сургуулийн гадна цуглажээ. Тэдний нэг бол англи хэлний багш Б.Батзаяа юм. Сургуулиас нь хичээл заадаг 26 хүүхэд нь өнөөдөр шалгалт өгч байгаа аж. Тэрээр "Багшийн хувьд шалгалт өгөх өдрийн өглөө бэлтгэсэн сурагчдадаа “Энэ өдөрт л бэлэн шүү” гэдэгт өөрийгөө бэлдэх чин сэтгэлийн зөвлөгөө өгдөг. Хүүхдүүд маань ч зорьсон үр дүнгээ өнөөдөр л гаргана гэсэн сэтгэл зүйтэй шалгалтын танхимд орцгоосон” хэмээн итгэл дүүрэн сурагчдаа хүлээж буй харагдлаа.

Харин боловсролын үнэлгээний төвөөс математикийн хичээлийн даалгаврын 1000 бодлогыг нээлттэй байршуулж, үүгээр шалгалтын материалаа бүрдүүлсэн нь энэ оны элсэлтийн шалгалтын онцлог болсныг хэллээ. Мөн шалгуулагч бүрд харандаа, баллуур, үзүүрлэгч зэрэг шаардлагатай хэрэглэгдэхүүнийг урьдчилан бэлтгэсэн тул эдгээр зүйлсийг авч ирэх шаардлагагүй гэлээ.
Энэ оны элсэлтийн шалгалтад 43,300 гаруй шалгуулагч бүртгүүлсэн. Үүний 40,000 нь энэ онд төгсөгч, 3000 нь өмнөх оны төгсөгч байна. Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд болно.
Comentários