top of page

Л.Энхамгалан “Нэг хүүхэд нэг комьпютер, нэг ангид нэг ухаалаг самбар төсөл хэрэгжинэ”

  • May 27
  • 1 min read

Засгийн газрын хуралдаанаас гаргасан боловсролын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.

Тэрээр “Нэг хүүхэд – нэг компьютер, нэг анги – нэг ухаалаг самбар” хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Сайд хэлэхдээ, “Багш, сурагчдад зориулсан хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан туслах системийг сургалтад ашиглахаар болсон. Ингэснээр хүүхэд бүрийн мэдлэгийн хоцрогдлыг арилгаж, боловсролын гарааны тэгш боломжийг бүрдүүлэх юм. Үүнийг боловсролын салбарын мега төсөл гэж ойлгож болно” гэв.

Хөтөлбөрийн гол зорилго нь “хамгийн сайн сургууль гэрт ойр байх” нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа аж. Мөн хүүхэд бүрийг хувьсах зардалтай болгох, сургууль, цэцэрлэг бүрийг цахимжуулах зэрэг зургаан зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр төрийн болон хувийн сургуулийн ялгаа, хот хөдөөгийн боловсролын тэгш бус байдлыг бууруулна гэж үзэж байгаа аж.

Энэ хүрээнд энэ оны 9 сар гэхэд 100 мянган компьютер, 5000 ухаалаг самбар,  2027 оны хоёрдугаар сард  100 мянган компьютер, 5000 ухаалаг самбар, 2027-2028 оны есдүгээр сарын 1-н хүртэл  100 мянган компьютер, 550 000 ухаалаг самбар сургууль бүрт нийлүүлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Тэрээр, “Бидний урьдчилсан тооцооллоор нэг компьютерийн өртөг 1.5 сая төгрөг байна. Нийтдээ 300-350 тэрбум төгрөгийн худалдан авалт хийхээр төсөвлөсөн. Ингэхдээ улсын төсөвт шууд ачаалал үүсгэхгүйгээр Хөгжлийн банкны дор хэрэгжих санхүүгийн лизингийн хэлбэрээр тоног төхөөрөмжийг худалдан авч, 3-5 жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр төлбөрийг төлнө” гэв.

Мөн худалдан авалтыг Google компанитай хамтран хэрэгжүүлэх бөгөөд тендерийг нээлттэй зарлана гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар нэг компьютерийг 10-12 хүүхэд хашиглаж байгаа бол уг хөтөлбөр хэрэгжсэнээр нэг компьютерт хоёр хүүхэд ашиглах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. Хөтөлбөрийг ирэх есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх аж.

Comments


bottom of page