top of page

Лонхны ёроолд хүүхдийн эрх “хэвтэж байна”  


Монгол улсад амьдарч буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд. Тэднийг эрүүл саруул өсгөх нь миний, таны, бидний хамтын үүрэг билээ. Гэвч ядуурал, тэгш бус байдлаас үүдэлтэйгээр архинд “живсэн” эцэг, эх нэрээс илүү гарахгүй хүмүүс төрүүлсэн үрээ хүүхдийн мөнгө уншуулж авдаг "банкны карт" мэтээр ашиглаж байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос 2024 оны 8-р сард орон 21 аймагт хяналт, шалгалт хийв. Энэ үеэр Дорнод аймаг дахь  асрамжийн газарт ирсэн нэг айлын гурван хүүхдийн нөхцөл байдал ноцтой байдлаар зөрчигдсөнийг илрүүлжээ. Учир нь 34 настай эмэгтэй Ч нь удаа дараа архидан согтуурч, гурван хүүхдээ үл хайхарч, сурч хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэх улсын байцаагчийн дүгнэлт гарсан байна. Үүнд үндэслэн эцэг эх нь биелүүлэхгүй байгаа үүргийг төр нуруундаа авч, хүүхдүүдийг асрамжид авчээ. Харамсалтай нь хүүхдүүдийн ээж нас барсан байна. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлтэд тухайн эмэгтэйг архины хамааралтай тул эмчлүүлэх шаардлагатай талаар тусгасан байж. Үүний араас хамтарсан баг зохих ёсоор ажилласан эсэх нь тодорхойгүй. Гэхдээ харамсалтай хагацал тохиохоос өмнө хамтарсан баг тухайн гэр бүлтэй дараах байдлаар ажиллажээ. 

Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоогдсон тухайн өрхийн нөхцөл байдал: 

Архины хамааралтай 34 настай иргэн Ч нь мөн л архины хамааралтай өөрийн ээж болох Х, хамтран амьдрагч гэх хорихоос суллагдсан, ажил эрхэлдэггүй эрэгтэй, дүү, гурван хүүхдийн хамт амьдарч байжээ.
“2017 оноос хойш 2020 он хүртэл талийгаач Ч-г нийт 12 удаа эрүүлжүүлжээ. Хүүхдүүдийн дэргэд танихгүй хүн олноор цуглуулж, архидан согтуурч, орчны амгалан тайван байдал алдагдуулдаг. Бага хүүхэд нь эрүүл мэндийн хувьд асран хамгаалагчийн асаргаа халамж дутуугаас хүндэвтэр хэлбэрийг рахиттай, төрөлхийн түнхний дутуу хөгжилтэй хоол тэжээлийн дутагдалд орсон” зэргээр хүүхдийн эрхийн байцаагч дүгнэлтдээ тусгажээ. 

Тухайн өрхөд тусламж үзүүлсэн байдал: 

  • 2019 оны 9-р сар

Талийгаачийн /34 настай Ч/ ээж Х нь хоёр зээгээ дагуулан “Очих газаргүй болсон. Охин Ч нь бага хүүхдээ аваад явсан. Тусламж хэрэгтэй байна” хэмээн цагдаад хандав. 

Энэ үед тухайн өрхийг түрээсийн байранд оруулжээ.  

  • 2019 оны 10-р сар 

108 утсанд ирсэн дуудлагын мөрөөр шалгахад 34 настай иргэн Ч нь гурван хүүхдээ хувцас хунар, дулаан орон байр, хоол хүнсээр гачигдуулж үл хайхарч байгаа нь тогтоогдов. 

Зөрчлийн тухай хуулийн 6.20-р зүйлийн 1.1-ийг үндэслэн 200 нэгж буюу 200 мянган төгрөгөөр торгов. 

  • 2019 оны 10-11-р сар 

Хамтарсан багийн дүгнэлтээр Нэг цэгийн үйлчилгээний төвд байрлуулав. 

Хүүхдүүдийг дотуур байранд оруулж, сургуульд хамруулав. 

Бага охины яр шарх, улайлт, хүүгийн гар дээрх үлдийг эмчлэв. Нөхөн сэргээх эмчилгээнд хамруулав. 

Түрээсийн байшин олж өгч, тохижуулж, эд материалын дэмжлэг үзүүлж оруулсан. 

Гурван хүүхдийн ээж Ч-г амьдрах ухааны 8 модуль сургалтад хамруулж, талх барих, юмхнаар юм хийж хүүхдийн дархлааг дэмжих бүтээгдэхүүн хийж сургав. 

Эрүүл мэндийн болон хамтарсан багийн үйлчилгээнд холбон зуучилж, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулжээ. 

  • 2019 оны 11-р 

Гурван хүүхдийн ээж Ч-г ажилд холбон зуучилж өгсөн боловч 1 сар хийгээд хаяжээ. 

  • 2020 оны 3-р сар

Хичээлийн жилийн 4-р улирлын амралтаар гэртээ буюу ээж Ч дээр очоод, түүнээс хойш хүүхдүүд ахиж сургуульд яваагүй байна.

ХЭҮК-ын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан гишүүн Ж.Хунан “Дорнод аймагт байдаг…..асрамж халамжийн төвд байгаа хүүхдүүдийн материалыг шалгалтын үеэр үзсэн. Хүүхэд тус бүр дээр нээсэн кэйс дээр ямар эрсдэлийн үнэлгээ хийсэн, ямар арга хэмжээ авсан талаар харахыг хүссэн. Ингээд энэ гурван хүүхдийн асуудлаар хийсэн хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарч ирсэн. Тэр хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлтийг харахаар хүүхдүүдийн ээжийг албадан архины эмчилгээнд хамруулах шаардлагатайг тусгаад, Засаг даргадаа хандсан санал гаргасан байсан. Гэтэл тэнд тодорхой арга хэмжээ аваагүйн улмаас хүн нас барсан. Өөрөөр хэлбэл нөгөө архины хамааралтай гэх эмэгтэй архи хэрэглэж байгаад нас барсан тохиолдол гарсан байсан. Ингээд хүүхдүүд нь өнчрөөд, асрамж халамжийн төв амьдарч байгаа юм. Энэ асуудлыг бид цааш нь нарийн судална. Цаг хугацааны хувьд холбогдох арга хэмжээ авсан уу, холбогдох байгууллагад хандсан эсэхийг нягталж шалгана. Гурван хүүхэд бүтэн өнчрөхгүй байх боломж байсан.” 


Тухайн гэр бүлийн насан хүрсэн хүмүүс нь ажил хийдэггүй байсан ч төрөөс өгсөн халамжаар өдөр хоногоо өнгөрүүлдэг байж гэж харж болохоор байна. 

Үүн дээр нэмээд эмээгийнх нь тэтгэврийн мөнгө тухайн өрхийн сарын орлого болдог байжээ.



ҮСХ, Дэлхийн банкнаас гаргасан ядуурлын түвшин тогтоох аргачлалаар ядуурлын шугам гэж 418,900 төгрөг бөгөөд энэ нь насанд хүрсэн нэг хүний сарын хэрэглээ юм. Хэрвээ үүнээс бага бол ядуу гэж авч үздэг байна. Яг ийм шалгуураар Монгол улсад гурван хүн тутмын нэг нь ядуу (ҮСХ, 2024 он) амьдарч байна. 






Үүнээс гадна 2024 оны байдлаар нийгмийн, халамж үйлчилгээнд хамрагдсан иргэний тоо 27 мянгаар нэмэгджээ.




Хүүхэд хамгааллын үйлчилгээг цогцоор буюу хүүхдийг аюулгүй газарт аваачихаас гадна урт хугацаанд тухайн өрхийн нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдэхгүй бол асуудлын үндэс хэзээ ч арилахгүй. Гурван хүүхдийн амьдрал ямар эмгэнэлтэйгээр эргэсэн нь харуулж байна.





Дээр дурдсан тохиолдлын хувьд хүүхдүүдийн ээж болох талийгаач иргэн Ч нь дараах хуулиудыг зөрчсөн учраас хүүхдүүдийг асрамжид авчээ.

Монгол улсын гэр бүлийн тухай хууль 

26.2.1 “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, 

26.2.2 “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн татгах”

МУ-ын Хүүхэд хамгааллын тухай хууль  

5.1 Эцэг, эх, гэр бүлийн гишүүд асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхарч дарамт хүчирхийлэл өртүүлэх, зөрчлөөс хамгаалах арга хэмжээ авах 

МУ-ын Хүүхдийн эрхийн тухай хууль 

5.2 Хүүхэд эрүүл өсөж бойжих аюулгүй орчинд амьдрах аливаа хүчирхийллээс ангид байх зэрэг заалтуудыг зөрчсөн байна. 

Энэ бол архинаас болж эрх нь зөрчигдсөн олон зуун хүүхдэд тохиолдож буй хэргүүдийн зөвхөн нэг нь. Өнгөрсөн 2024 оны тоон мэдээллийг харахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 30 гаруй хувиар нэмэгдсэн байна. 

Түүнчлэн 2023 онд гаргасан Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд нээлттэй хяналт шалгалт хийсэн тайлан, дүгнэлт, зөвлөмжийн ерөнхий дүгнэлтэд “Архи нийгэмд хүчирхийлэл, гэмт хэрэг үйлдэгдэх, амь насаа алдах, эрүүл мэндээрээ хохирох зэрэгт гол нөлөөлөх хүчин зүйл болсоор байна. Хууль эрх зүйн орчныг яаралтай өөрчилж, архи үйлдвэрлэх, худалдан борлуулах чиглэлээр эрх зүйн шинэ зохицуулалт хийх” шаардлагатай гэж тусгажээ. Учир нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын харьяа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид үйлчлэх Түр хамгаалах байранд 2018-2023 онд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 1430 гэр бүлийн 1430 хүнд үйлчилгээ авчээ. Тэдний 61 хувь нь хүүхдүүд байжээ. Мөн хүчирхийлэл үйлдэгчидийн дунд 30-34 насныхан дийлэнх хувийг эзэлж байсан бөгөөд тэд архины хамааралтай, эрхэлсэн ажил тодорхойгүй, хүчирхийлэл үйлдэгчдийн зан үйлтэй холбоотой эрсдэл өндөртэй, сэтгэл санааны, бие махбодын, эдийн засгийн, бэлгийн хүчирхийллийг хавсарсан байдлаар үйлддэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. 

Мөн 2024 оны хагас жилийн байдлаар ХЭҮК-т 628 гомдол, мэдээлэл ирснээс хүүхдийн эрхтэй холбоотой нь 38 байжээ. Агуулгаар нь авч үзвэл: 

  • Архины хамааралтай эх нь хүүгээ хүчирхийлж, хүүхдийн мөнгийг нь ашиглаж байна

  • Хүүхдийн эрх зөрчиж үл хайхарсан

  • Хамтарсан баг хүүхдийн эрхийг хамгаалахгүй байна

  • Асран хамгаалагч нь шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд бага насны 3 хүүхэд нь хараа хяналтгүй байна зэрэг гомдол, мэдээлэл ирсний мөрөөр ажилласан байна. Энэ мэт Монгол улсад архинд живсэн томчуудын уршгаар хүүхдийн эрх лонхны ёроолд хэвтэж байна. 


Хүүхдийн эрхээс хүний эрх эхэлнэ 





Ашигласан эх сурвалж 

  • ХЭҮК-ын Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаар 21 дэх тайлан илтгэл 

  • Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк, Ядуурлын түвшин -2022 судалгаа 

  • ХЭҮК, ХНХЯ, Хүний эрхийг хангах үндэсний хороо, Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтэд нээлттэй хяналт шалгалт хийсэн тайлан, дүгнэлт, зөвлөмж, 2023 он 


 








0 comments

Yorumlar


bottom of page