top of page

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Хеленита Нобле Найрамдал медалиар шагнууллаа

  • May 5
  • 2 min read

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Хеленита Нобле Найрамдал медалиар шагнууллаа. Медалийг УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир гадуулав. Мөн Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайт ирж, баяр хүргэлээ.

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир "Манай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс энэхүү хүндтэй медалийг таны Монголд амьдарч байгаа хүүхдүүдийн ялангуяа эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсролын төлөө олон жил тууштай ажилласанд талархал илэрхийлж, хүндэтгэж өгч байгаа юм шүү. Танд баярлалаа. Хүүхдийн төлөө ажлаа битгий зогсоогоорой гэж хэлмээр байна" гэлээ.

Найрамдал медаль нь Монгол Улсын төрөөс гадаадын иргэнд олгодог, улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг үнэлдэг нэр хүндтэй шагнал юм.

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Гүйцэтгэх захирал Хеленита Нобле "Нэн тэргүүнд, би энэхүү хүндтэй шагналыг хүртэж байгаадаа маш их баяртай байна. Гэхдээ энэ медаль зөвхөн надад зориулагдаагүй. Би зөвхөн Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн Монгол дахь баг хамт олныхоо өмнөөс энэхүү шагналыг хүлээн авч байгаа юм. Манай санд үе үеийн гайхалтай хүмүүс ажиллаж ирсэн. Манай ээж 1997 онд анх Монголд ирж, энэ бүхний эхлэлийг тавьж байсан бол, 30 жилийн дараа манай баг хамт олон маань хүүхдийн эрх, хамгаалал болон хууль эрх зүйн шинэчлэлийн чиглэлээр түүчээлэн ажилласаар байна. Тиймээс энэ медаль 100 хувь манай хамт олны шагнал юм. Ээж маань 10 гаруй жилийн өмнө Найрамдал медалийг хүртэж байсан. Харин өнөөдөр би өөрөө яг ижилхэн шагнал авч байгаа нь үнэхээр сайхан санагдаж байна" гэлээ.

2010 онд Найрамдал медалийг тус сангийн үүсгэн байгуулагч Кристина Нобле хүртэж байсан бөгөөд 16 жилийн дараа түүний охин Хеленита Нобле мөн адил хүртэж байгаа юм.

Энэ нь Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн эрхэм зорилго, үнэт зүйлс үе дамжин тасралтгүй үргэлжилж байгаагийн тод илрэл билээ. Хеленита Нобле нь 1996 оноос эхлэн тус санд ээжийнхээ хамт мөр зэрэгцэн ажиллаж ирсэн. Тэрээр байгууллагынхаа олон улсын үйл ажиллагааг өргөжүүлэх, Монгол болон Вьетнам дахь хөтөлбөрүүдийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. 2022 онд түүний буяны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Их Британийн төрийн дээд шагнал болох Британийн эзэнт гүрний одонгоор (MBE) шагнаж байв.

Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн тухай

Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь Монгол Улсад 30 орчим жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 46,000 гаруй хүүхэд урт хугацаанд дэмжлэг үзүүлэн ажилласан. Мөн Вьетнам Улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийт сая гаруй хүнд хүрч ажиллажээ. Кристина Ноблийн Хүүхдийн Сан нь улс төрөөс ангид, шашны бус олон улсын хүмүүнлэгийн байгууллага бөгөөд эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг хамгаалах, дэмжих чиглэлээр Монгол Улс болон Вьетнам Улсад урт хугацааны хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.





Comments


bottom of page