Их эмч Л.Хулан: Эцэг эхчүүд охид, хөвгүүдээ ялгаагүй л өсвөрийн эмчид үзүүлж хэвших хэрэгтэй
- child.mn
- Mar 21
- 3 min read

Child.mn "Чагнуур" буландаа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхэд, өсвөр үеийн кабинетын их эмч Л.Хулантай ярилцлаа. Тэрээр өсвөр насны хүүхдүүдийн өвчлөлд эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр нь ялгаж харилцдаг ташаа хандлага нөлөөлдөг талаар онцоллоо.
Сайн байна уу? Ярилцлага эхлэхээс өмнө та хүйсээс хамааралтай ташаа хандлага, ойлголт эрэгтэй хүүхдүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэлээ. Жишээ нь дурдан тайлбарлавал ямар асуудлууд байна вэ?
Хамгийн энгийн жишээ гэвэл манай дүүргийн Хүүхэд, өсвөр үеийн кабинетаар үйлчлүүлэгчдийн дийлэнх нь охид байдаг. Тиймээс хөвгүүдэд манайх шиг ийм кабинетуудын үйлчилгээний талаар мэдээлэл өгч таниулах нь чухал байгаа юм.
За тэгээд эрэгтэй хүүхдүүд ээж, аав, анги хамт олонтойгоо ойлголцохгүй, тэрнээсээ үүдсэн стресс, бухимдлаа дотроо хурааж, улмаар мансууруулах бодис, архи, тамхи хэрэглэж эхлэх, бүр цаашлаад амиа хорлох хүртэл асуудлууд үүсдэг. Бүр ноцтой асуудал нь ДОХ-ын халдвар авсан хамгийн залуу тохиолдол нь эрэгтэй хүүхэд байсан шүү дээ. Мөн дэлгэцийн донтолтоос болж нүүр ам нь мурийх, зан аашны хувьд өөрчлөлт орох зэрэг маш олон асуудал эрэгтэй хүүхдүүдэд тулгамдаж байна.
Энэ олон асуудлаас бид хэрхэн сэргийлэх боломжтой юм бэ?
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн тухай ярихаар л хүүхдүүд хаалттай болчихдог. Анзаараад байхад ийм хаалттай байдлыг зарим эцэг, эхчүүд үүсгэдэг. Энэ тухай хүүхэдтэйгээ ядаж тоглоомоор ч болов ярилцаж байх хэрэгтэй. Ер нь энийг л ойлгоод авах хэрэгтэй. 10-аас 19 насны хүүхдийг өсвөр насны хүүхэд гэж ойлгоно. Таны хүүхэд 9 нас хүрсэн л бол өсвөр насны эхний үе дээрээ явж байгаа гэсэн үг юм аа. Энэ үед өнчин тархины нөлөөгөөр бэлгийн булчирхай, тосны булчирхай зэрэг дааврууд ажиллаж эхэлдэг. Хувийн ариун цэврийг бүр илүү л сахих шаардлага үе гэж зааж өгөх хэрэгтэй. Бас нэг шипи өгөхөд та хүүхэдтэйгээ шууд нөхөн үржихүйн талаар ярилцаж чадахгүй байгаа бол нүдэнд нь ил харагдах газар энэ талын мэдээлэлтэй брошюр, ном зэргийг орхичих хэрэгтэй. Тэд олоод л уншчихна даа.
Танай дүүргийн Хүүхэд, өсвөр үеийн кабинет хэрхэн яаж ажилладаг вэ?
Манай кабинет 2014 онд байгуулагдсан. Өсвөр насны хүүхдүүдэд харьяалал харгалзахгүй үйлчилж, нууцыг нь чандлан хадгалдаг. Үйлчлүүлж байгаа охид, хөвгүүдийн орох, гарах хаалга тусдаа байдаг юм. Ийм болсноос хойш манайд ирж үзүүлдэг хүүхдийн тоо нэмэгдсэн шүү.
Эцэг, эхчүүд өсвөр үеийн эмч гэхээр зөвхөн охидод үйлчилгээ үзүүлдэг гэж ташаа ойлгох тохиолдол байдаг л даа. Угтаа эрэгтэй, эмэгтэй байхаас үл хамааран хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээг ижил тэгш үзүүлэх нь чухал юм. Үүний тулд л өсвөр үеийн кабинет гэж нэрлээд байгаа юм шүү дээ. Хамгийн чухал нь манайх нөхөн үржихүй, эрүүл мэнд, хорт бодисын талаарх мэдээллийг хүүхдүүдэд цогц байдлаар хүргэдэг газар юм аа. Хамгийн гол нь бид хүүхдийн мэдээллийг чандлан нууцалдаг. Эцэг, эхчүүд үүнийг сайн ойлгоод эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдээ шаардлагатай бол авчирч үзүүлж байгаасай гэж хүсэж байна.
Нийслэлд Өсвөр үеийн кабинет дүүрэг бүрд байдаг шүү дээ. Танай кабинетын хувьд гол онцлог нь юу вэ?
Зөвхөн манайх ч гэлтгүй ер нь бүх л энэ чиглэлээр ажиллаж байгаа эмч нарын хувьд гол зорилго нь хүйсийн ялгаваргүй тэгш үйлчилгээ үзүүлэхэд оршдог. Арав гаруй жил ажиллаж байх хугацаанд эрүүл мэндийн ямар нэг сургалт явуулахад охид, хөвгүүдээр нь ялгачихсан байдаг. Энд хүйсээр ялгах шаардлагагүй. Хүйсийн тэнцвэрт байдлыг хангах нь маш чухал.
Хүүхдийн эрүүл мэндийн асуудал дээр эцэг эхчүүдийн гаргадаг нийтлэг ямар алдаа байна вэ?
Яг өсвөр үеийн эмчээр зургаагаас долоон жил ажиллах хугацаанд анзаарсан зүйл нь хөвгүүдийг "Эрэгтэй хүүхэд байж шалбархай төдийн зүйлд битгий зовуурил. Битгий тоо. Эр хүн чинь биеэ чагнадаггүй юм" гэх байдлаар ханддаг. Энэ хандлага л хамгийн том алдаа гэж хардаг.
Жендэрийн эрх тэгш байдал гэж олон жил яригдаж байгаа. Нөхцөл байдалд ер нь өөрчлөлт гарч байна уу? Та юу гэж бодож байна вэ?
Өнгөрсөн таван жилд хөвгүүд хувийн эрүүл мэнддээ анхаарч, ямар нэг шинж тэмдэг илэрсэн даруйд эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөө авах нь эрчимтэй нэмэгдэж байгаа. Эмчид хандсаны дараа хөвгүүд илүү тууштай үзүүлээд, эмчлүүлдэг нь сайшаалтай. Гэхдээ энэ хандаж, үзүүлж байгаа хөвгүүдийн дийлэнх нь бас өвчнөө хүндэрсэн хойно тусламж авдаг. Тиймээс ердөө л хөвгүүдээ хойш нь бүү тавиарай. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй л бүх талаар нь дэмжиж, тайлбарлаж, сонсож байх хэрэгтэй.
Яг өсвөр үеийн хүүхдүүд үйлчилгээ үзүүлдэг эмч нарын хүрэлцээ хэр байдаг вэ?
Өсвөр үеийн эмч нь харьцангуй хүнд мэргэжил. Ганцхан бие махбод бус сэтгэл санаа, үсний өнгийг нь хүртэл харгалзаж үзлэг оношилгоо хийдэг учраас эмчээс нэлээдгүй туршлага шаардана. Иймд эмч нарын хувьд удаан ажиллахгүй солигддог талтай. Гэсэн ч манай хувьд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа. Харин эцэг эхчүүд маань хүүхдээ энэ төрлийн үйлчилгээ авах боломжоор хангах нь л чухал байна даа.
Ярилцсанд баярлалаа.
Comments