top of page

“Их мэдэгч” ээж, аавууд хүүхдийнхээ эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна


Вакциныг эсэргүүцэгчдийн хүрээ улам бүр нэмэгдэж, хүүхдийг нялх балчир цагаас нь хүндээр өвдөх эрсдэлээс шүхэрлэн хамгаалдаг товлолт вакцинд хамруулах гэх хандлага цөөн тоогоор гарах болжээ. 


Хамгийн сүүлд гэхэд фэйсбүүкт хүний хөхөнцөр вирусний эсрэг вакциныг эсэргүүцсэн мэдээлэлд Монголын баримт шалгах төвөөс нягтлан, төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг нь тогтоосон байдаг. Мөн тухайн мэдээлэл нь олон улс дахь вакцин эсэргүүцэгчдийн түгээдэг хуурамч мэдээллүүдийг орчуулан, импортолж байгаа хэлбэр гэж хэлж болохоор байна хэмээн тайлбартаа тусгажээ. 

Энэ мэт тархи угаалтаас болж эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйд халтай шийдвэр гаргаж эхэлжээ. Үүний нэг жишээ нь ЧД-ийн 5-р хорооны өрхийн эмнэлэгт болсон тохиолдлоос харж болно. Дөрвөн сартай хүүхэд товлолоор 3 өөр төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакцин тариулах ёстой ч эцэг эх нь хийлгэхгүй гэж эрс татгалзсан байна. Өрхийн эмчийн зүгээс хоёр ч удаа утсаар вакцинд хамрагдахыг сануулсан ч тусыг эс олжээ. Мөн үүнээс гадна товлосон өдөр вакциндаа хамрагдахгүйгээр дуртай өдрөө ирж нөхөж вакцин тариулна гэж ирдэг байна. Гэтэл зарим төрлийн вакциныг хүүхдийн тоогоор тухайн ӨЭМТ-д хүргүүлдэг бөгөөд ийм хариуцлагагүй эцэг эхчүүдээс болж тоотой, нормтой ирсэн вакцин хаягдахад хүрдэг аж. 

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны ӨЭМТ-ийн вакцинатор сувилагч Х.Нургүл “Хоёр ч удаа утсаар сануулаад байхад хүүхдээ вакцинд хамруулахгүй гэсэн өрхийн хувьд одоо бичгээр хүсэлтийг нь авч баталгаажуулна. Зарим вакциныг нөхөж хийдэг ч зарим нь бол боломжгүй. Манай хорооны хувьд 1700 гаруй хүүхэд бүртгэлтэй байдаг. Он гарсаар вакцин хийлгэхгүй гэсэн гурван тохиол лав гараад байна” гэлээ. 


Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор эцэг эхчүүдийн хувьд есөн сар, хоёр настай хүүхдэдээ улаанбурхан өвчний эсрэг вакцин, томуугийн эсрэг вакцин зайлшгүй хийлгэх шаардлагатай юм. Одоогоор менингококкт өвчний эсрэг нийтийг хамруулсан вакцин хийж эхлээгүй. 

Түүнчлэн ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд 11-13 насны хүүхдүүдийг заавал хүний хөхөнцөр вирусний эсрэг вакцинд хамруулах шаардлагатай. Манай улсын хувьд ХПВ-ний эсрэг дархлаажуулалтын хамрагдалт ердөө 27 орчим хувьтай байгаа юм. 


Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн чанартай, найдвартай мэдээллийн эх сурвалжаас мэдээлэл авч, хүүхдийнхээ эрүүл мэндтэй холбоотой шийдвэрүүдийг гаргаж байхыг уриалж байна!





Opmerkingen


bottom of page