Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын эрт илрүүлэг үргэлжилж байна. Хүүхдүүдийн хамрагдалт Багахангай дүүрэг 31 хувь буюу хамгийн бол байгаа бол Багануур дүүрэгт 93 хувь буюу хамгийн өндөр байна. Эрт илрүүлэх үзлэгийн явцын мэдээллийг www.eruulhuuhed.mn сайтаас хүргэж байна.

Зургаан нас нь хүүхдийн зүрхний олдмол гажиг үүсэх эрсдэлтэй нас юм. Тиймээс зүрх, шүд, нүдний эрт илрүүлэх үзлэг хийх нь хожим хүндээр өвдөхөөс сэргийлэх ач холбогдолтой. Энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх Поликлиникийн эрхлэгч Э.Наранцацрал мэдээлэл өглөө.

Баянгол дүүрэг зүрхний үзлэгт хэдэн хүүхэд хамруулах вэ? Явц хэр байна вэ?
Зүрхний цахилгаан бичлэгийн эрт илрүүлгээр нийт Баянгол дүүрэг хамрагдах ёстой хүүхдүүдийн 80.2 хувь буюу 5800 орчим хүүхэд хамрагдаад байна. Зүрхний цахилгаан бичлэгээ хийгээд эндээсээ өөрчлөлт гарсан хүүхдүүдээ бид нар яг үнэхээр зүрхний эмгэг байна уу, үгүй юү гэдгийг заавал эхо шинжилгээгээр баталж байгаа. Өнөөдрийн хувьд Баянгол дүүргийн зүрхний цахилгаан бичлэг нь ямар нэг хэмжээгээр өөрчлөлттэй 150 орчим хүүхдэд эхо шинжилгээ хийсэн. Гэхдээ зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй хүүхэд болгон бас зүрхний эмгэгтэй гэж үзэхгүй. Зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарах нэгдүгээр шалтгаан нь бол зүрхний эмгэг. Хоёрдугаарт нь ямар нэгэн электролитын өөрчлөлт. Мөн дотоод шүүрлийн, гормоны өөрчлөлтийн үед зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарна. Түүнчлэн хүүхдийн зүрхний байрлалаас болоод буюу хүүхдийн биеийн галбираас шалтгаалаад өндөр хүүхэд босоо байрлалтай, намхан хүүхэд хэвтээ зүрхтэй бол хэвийн хүүхдээсээ жоохон, жоохон ийм өөрчлөлт хазайлт илэрч байдаг. Тэрийг бид нар эхогоор шалгаж л энэ зүрхний эмгэг байна уу, эсвэл одоо электролитын эмгэг байна уу, эсвэл гормоны өөрчлөлт байна уу, бүр эсвэл хэвийн зүгээр нэг жоохон байршлаас шалтгаалсан өөрчлөлт байна уу гэдгийг ялгах боломжтой болдог. Тэгэхээр эцэг эхчүүд зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарахаар миний хүүхэд зүрхний эмгэгтэй юм аа гэж бас битгий их сандраарай. Яг зүрхний эмгэг байна уу, үгүй юү гэдгээ бид нар шалгаад өгчихнө шүү.
Одоогийн байдлаар үзлэгээр зүрхний өөрчлөлтэй хичнээн хүүхэд илэрсэн бэ?
Үзлэгээр зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй 150 гаран хүүхэд илэрсэн. Тэднийг ЭХО-д шалгахад зүрхний төрөлхийн гажиг нэг илэрсэн. Энэ хүүхдээ бид нар ирэх 7 хоногт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Зүрх судасны тасагт хэвтүүлнэ. Судасны аргаар эмчилнэ. Мөн хавхлагын өөрчлөлттэй 6 хүүхэд илэрсэн. Энэ хавхлагын өөрчлөлт гэдэг нь зүрхний олдмол гажиг гэсэн үг л дээ. Ихэвчлэн хоолой шүднээс болоод эрүүл төрчихсөн зүрх гэмтээд, тэр тусмаа зүрхний хавхлаг нь гэмтээд, хавхлагын олдмол гажиг үүсэх эх суурь нь л тавигдаж байгаа гэсэн үг. Хавхлагын өөрчлөлттэй хүүхдүүдийг бол эмийн эмчилгээ хийнэ.
Σχόλια