top of page

Ж.Хунан: Хүүхдийг өмч шиг үзэх хандалга нь хүүхдийн эрх зөрчигдөх суурь шалтгаан 


ХЭҮК-оос Налайх дүүрэгт зохион байгуулсан Хүний эрхийн өдөрлөгийн үеэр “Хүний эрх, хүүхдийн эрхээс эхэлнэ” хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Ж.Хунантай ярилцлаа. 

Хүүхдийн эрх зөрчигдөж байгаа үндсэн шалтгаан юу байна вэ? 

16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэхээ авчихсан хүүхэд гэж үзэх ташаа хандлага байна. Гэвч хуулиар 18 наснаас доош бүх хүнийг хүүхэд гэж үзэж, шаардлагатай үйлчилгээ,  хамгааллыг үзүүлэх ёстой. Үүнээс л эхэлж хүүхдийн эрхийг ярих нь зөв болов уу. Хүний эрх тур дундаа хүүхдийн эрх гэж яагаад онцгойлон үзэх хэрэгтэй вэ гэхээр хүүхэд бол эцэг эхээсээ бүрэн хараат байдаг. Үүнээс улбаатайгаар эцэг эхчүүд, томчууд хүүхдийг үгээр нь байх ёстой өмч мэт хандах тохиолдол байна. Ийм хандлага нь эргээд хүүхдийн эрх зөрчигдөх үндэс болдог. 

Хүүхдийн ямар эрх хамгийн их зөрчигдөж байна вэ? 

Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхдийн амьдрах, хөгжих,, оролцох,, хамгаалуулах гэсэн дөрвөн эрхийг онцгойлон баталгаажуулсан. Хамгийн нийтлэг нь бие махбодын хүчирхийлэл. Дээрээс нь бие махбодын хүчирхийллийг дагаад сэтгэл санааны хүчирхийлэл бол үргэлж дагалдаж явдаг асуудал. Үл хайхрах хүчирхийлэл ч түгээмэл байна. Бэлгийн хүчирхийллийн хувьд  Монгол Улс ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг бүр онцгойлон авч үзэх хэрэгтэй байна. 

ХЭҮК-оос хүүхдүүдийн дунд явуулсан судалгаанд ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байсан эсэхийг тандан судлахад 82,8% нь тийм гэж хариулсан. Төрлөөр  нь лавшруулж асуухад 62% нь үг хэлээр доромжлох, 50,2% нь чимхэх,, 43,5% нь цохих, зодох буюу бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэжээ.

Үндсэндээ 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн гэдгийг асуумж судалгаанаас харж болно. Мөн 2 хүүхэд тутмын нэг нь бие махбодын хүчирхийлэлд, 5 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд, 4 хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, 8 хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт шахалт, сэдэл, халдлагад өртсөн байна. Энэ бол маш ноцтой үзүүлэлт. 

Хүчирхийлэлд өртсөн хүүхэд тусламж авч чадаж байна уу? Тэд хаана, хэнд хамгийн их хандаж байна вэ? 

Энэ судалгаанд оролцсон хүүхдүүдийн 61,2% нь хүчирхийлэлд өртөж болзошгүй үед үндсэн авдаг арга хэмжээ нь зугтах гэж хариулсан. Харин хүчирхийлэлд өртсөн үедээ ээж аавдаа хэлж тусламж хүсдэг, 43,5% нь найздаа хэлдэг, 35,3% нь туслаарай гэж хашхирдаг, 31,5% нь намайг битгий ингээч гэж гуйдаг, 25,5% нь багшдаа хэлдэг, 28% нь цагдаад хэлдэг, 16,6% нь бурханд залбирдаг гэж хариулсан байгаа юм. Мөн 38,7% нь хэнд ч хэлдэггүй нуудаг буюу дотроо хадгалдаг гэж хариулсан. Тэр их зовлонгоо дотроо шаналж явдаг гэхээр үнэхээр харамсалтай. Хүүхэд гэдэг эрх эдлэгч. Ямар ч тохиолдолд эрх эдлэгч байна шүү. Насанд хүрсэн хүний өмнө хүүхэд хэзээ ч үүрэг хүлээгч биш. Тиймээс хүүхдийн эрхийг эдлүүлж хамгаалах нь хүн бүрийн үүрэг гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй байна. 

Хүүхэд хамгааллын тогтолцоо хэр сайн ажиллаж байна вэ? 

Хүүхэд хамгааллын тогтолцоо сүүлийн үед Монгол улсад нэлээдгүй бэхжиж, хөгжиж байгаа. Хүүхэд хамгааллын хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, хамгаалах байр, түр хамгаалах байр, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо гээд ажилладаг. Гэсэн хэдий ч өнөөдөр эдгээр бүтэц, механизмын үйл ажиллагаа үр дүнтэй биш байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд маань хохирсоор л байгаа нь үүний нотолгоо болж байгаа юм. 

ХЭҮК-оос хүүхдийн эрхэд мэдээж онцгойлон анхаарал хандуулдаг. Энэ хүрээндээ сүүлийн 4 жилд ХЭҮК Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хүүхдийн эрх хамгаалах хамтарсан багийн үйл ажиллагаа, нэг цэгийн үйлчилгээний төв,  хамгаалах байр, ЕБС-ийн дотуур байр дээрээс нь зуслангийн үйл ажиллагаа, хагас болон бүтэн өнчин хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт үнэлгээ хийсэн. Цаашдаа ч хийнэ. Бидний дүгнэлтээр хүүхдийн эрх, эрх чөлөө өнөөдөр Монгол Улсад зохих түвшиндээ хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл бид нар, томчууд төрийн байгууллагууд хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах үүргээ хангалттай биелүүлэхгүй байна. 

Шалтгаан нь юу байна вэ? 

  Хэд хэдэн шалтгаантай. Нэг дүгээрт мэдээж төсөвтэй холбоотой. Хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа мөнгө өнөөдөр хүрэлцээгүй байна. Үүнээс болоод өнөөдөр төрийн хүүхэд хамгаалах чиг үүрэг хэрэгжихгүй байна. Хэрэгжсэн ч хангалттай хэмжээнд хэрэгждэггүй. Жишээ нь хамтарсан багийн гишүүд ажлаа гүйцэтгэсэн гээд урамшуулал огт чаддаггүй. Маш их ачаалалтай, стресстэй, бага цалинтай ийм ажлын байранд хүмүүс тогтвортой ажилладаггүй. Хамтарсан багийн хэрэгцээнд ашиглах унаа тэрэг байхгүй. Унаанд зарцуулах мөнгө нь байдаггүй. Дандаа тусламжаар. Улсын хэмжээний 450 дотоор байрны талаас илүү хувь нь 90 оноос өмнө ашиглалтад орсон байх жишээтэй. Тэгэхээр энэ төсвийн асуудлыг бүрэн шийдэх ёстой. Ингэж байж л хүүхэд хамгааллын тогтолцоо сайн ажиллана шүү дээ. 

Ярилцсанд баярлалаа. 







0 comments

Comentários


bottom of page