
1992 оны 1-р сарын 13 бол Монгол Улс Үндсэн хуулиа баталж, хүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох суурь бий болсон түүхэн чухал ач холбогдолтой өдөр юм. Үндсэн хуульд хүүхдийн эрхийн талаар ямар агуулга багтсан, одоо нөхцөл байдал ямар байгаа талаар ХЭҮК-ын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан гишүүн Ж.Хунантай ярилцлаа.
Сайн байна уу? Хүүхдийн эрхийн талаар ярилцахаас өмнө та бидэнд Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлж буй ач холбогдлыг тайлбарлаж өгнө үү.
Энэ өдрийг нийт иргэд, ялангуяа залуу үеийнхэн мэдэж, утга учрыг нь ойлгодог байх хэрэгтэй. Учир нь хаалттай байсан хуучин нийгмээс бид эрх чөлөө, хүний эрхийг дээдэлсэн нийгэм рүү шилжих үндэс суурийг тавьсан баримт бичиг бол Үндсэн хууль. Үүний ачаар хүн бүр нийгмийн хөгжил, эдийн засгийн үр шимийг хүртэх боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл хүн бүр өмчтэй байх, эрх чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хуулиар тунхагласан. Ийм л чухал өдөр.
Монгол Улсын Үндсэн хуульд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан, хангасан ямар агуулгатай заалт байдаг вэ?
Үндсэн хуулийн хоёр дугаар бүлгийн 11 дүгээр зүйлд “Улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” хэмээн заасан. Гэхдээ хүүхдийг зөвхөн төр л хамгаална гэж ойлгох нь учир дутагдалтай. Төрөөс гадна тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид ч хүүхдийн эрхийг ханган, хамгаалах чухал үүрэгтэй. Хүн бүр хүүхдийн өмнө үүрэг хүлээгч юм.

Тэгвэл яг одоогийн нөхцөл байдалд хүн бүр хүүхэд хамгаалагч байж чадаж байна уу? Монгол улсад Үндсэн хуульд заасан хүүхдийн эрх хангагдаж чадаж байна уу?
Өнөөгийн нөхцөлд агаарын бохирдлоос болж хүүхдүүд хамгийн ихээр хохирч, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигдөж байна. Маш яаралтай үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай. Энэ асуудал дээр ХЭҮК-оос тогтмол сануулж, эрүүл мэндийн байгууллагууд, хүүхдийн эрхийн байгууллагууд, УИХ-д судалгаа тайлангуудаа танилцуулдаг. Гэвч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Үүнээс гадна ХЭҮК-оос 2021-ээс 2024 оны хооронд хүүхдийн эрхийн асуудлаар 9 судалгаа, дүн шинжилгээ хийсэн. Хамгийн сүүлийн байдлаар 2024 онд “Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн хэрэгжилт” судалгаа, дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа хийж, олон нийтэд танилцуулаад байна.
Сүүлийн өдрүүдэд төв талбай дээрх жагсаал, цуглаанд насанд хүрээгүй хүүхдүүд оролцож байгаа харагдаж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
Хүүхэд ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаанд оролцох эрхтэй. Үүнийг шууд хориглож болохгүй. Гол нь хэрвээ хүүхэд үзэл бодлоо илэрхийлээд, өөрийн итгэл үнэмшлээрээ оролцож байгаа бол үүнийг хориглох боломжгүй. Гэхдээ хүүхдийн аюулгүй байдлыг анхаарах нь бас чухал. ХЭҮК-ын хувьд хүүхдүүдийг хүйтний улиралд гадаа олон цаг зогсож даарч хөрөх, жагсаалын үед үймээн самуун гарсан тохиолдолд бэртэж гэмтэх зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Үүнээс л сэргийлэх хэрэгтэй.
Түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн 26 дугаар зүйлд “Жагсаал цуглааны үеэр хүүхдийн эрхийг хамгаалах стандарт батална” гэсэн заалт бий. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл стандартын асуудал хариуцсан төв байгууллага нь үүнийг гаргаагүй л байна. Тэгэхээр жагсаал цуглааны үеэр хүүхдийг хамгаалах байгууллагууд ямар арга хэмжээ авах, яаж оролцох чиг үүрэг тодорхой биш байгааг маш хатуугаар шүүмжилж байна.
Эцэст нь нийгэмд хүүхэд өөрийн байр сууриа илэрхийлдэг, дуу хоолойгоо хүргэдэг байх нь чухал юм. Насанд хүрэгчид ч бас хүүхдүүдийн хэлж буйг сонсдог, үйл ажиллагаа, бодлого шийдвэрт тусгадаг байх хэрэгтэй юм.
Comments