top of page

Д.Нарангэрэл: 2012 онд хүний папиллома вирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг судлахад үргүйдэл илрээгүй


НҮБ-ын Хүүхдийн Сангаас сэтгүүлчидтэй уулзалт хийн, хүний папиллома вирусний дархлаажуулалт болон бага насны хүүхдийн цогц хөгжлийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөхөөр ажиллаж буй Д.Нарангэрэл ХПВ-ний дархлаажуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.

Хүний папиллома вирусний 200 төрлөөс хамгийн хоруу нь хавдар үүсгэдэг төрөл нь

Хүнд өвчин үүсгэдэг хүний папиллома вирусний 200 төрөл байдаг. Жишээ нь уруул дээр гардаг хомхой нь ХПВ-ний нэг төрөл аж. Эдгээр 200 төрлөөс хамгийн хоруу чанартай нь хавдар үүсгэдэг 18-р төрөл. Үүнээс умайн хүзүүний хавдар хамгийн түгээмэл нь ажээ. Харин эрэгтэйчүүдийн хувьд хошного, шодой, ам залгиурын хавдар түгээмэл үүсдэг байна. Мөн хүүхдийн хувьд эхээс төрөхдөө салиагаа залгиж, ам залгиураар халдвар авах тохиолдол гардаг гэв.


Тархалтын хувьд 10 хүний найм нь ХПВ-н халдвар амьдралынхаа туршид авах эрсдэлтэй бөгөөд халдвар авсан тохиолдолд эмчилгээ байхгүй учир дархлаагаа дэмжих нь цорын ганц авах арга хэмжээ аж.


Уг вирусээр өвчлөхөд насны хязгаар гэж үгүй юм. Жишээ анх удаа бэлгийн хавьталд орсон хүн ХПВ-ний халдвар авч, өвчлөл болоход 24 сар хүртэлх хугацаа болдог байна. Тэгэхээр тэр даруйдаа мэдэгдэхгүй явсаар хавдар тусах магадлалтай. Үүнээс гадна 60 насандаа ч умайн хүзүүний хавдраар оношлогдох тохиолдол байдаг ажээ.


Монгол улсад 2024 оны байдлаар эмэгтэйчүүд элэг, умайн хүзүү, ходоод, хөхний хорт хавдраар хамгийн их өвчилж байгаа юм. Умайн хүзүүний хорт хавдрыг үүсэхээс сэргийлэх ганц арга зам нь ХПВ-ний вакцин бөгөөд хүүхэд байхаас нь хийх практик дэлхийн олон улсад нутагшаад удаж байна.

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх үндсэн гурван арга бий.

  • Дархлаажуулалт

  • Эрт илрүүлэг

  • Эрүүл мэндийн боловсрол

2012 онд ХПВ-ний эсрэг дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийг судлахад үргүйдэл илрээгүй

ХПВ-ний эсрэг дархлаажуулалт аюулгүй юу гэдэгт эцэг, эхчүүд, вакцин эсэргүүцдэг иргэд хамгийн том асуултын тэмдэгтэй байдаг. Тэгвэл вакцины найрлагын хувьд жишээ нь дотор нь хөнгөн цагаан байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн тэр вакцин муудахгүй, хадгалахад нөлөөлөх хэмжээнд л агуулагдсан бөгөөд бусад найрлагын хувьд хортой зүйл байхгүй гэв.


Үүнээс гадна одоогоос 10 гаруй жилийн өмнө буюу 2012 онд ХПВ-ний эсрэг вакцинд нийслэлийн Багануур, Баянгол дүүрэг, орон нутгаас Өмнөговь, Сэлэнгэ аймагт нийт 925 хүүхдийг хамруулж байжээ. Хүүхдүүдийг тав болон 11 жилийн хугацаатай тандан судалсан. Ингэхэд үргүйдэл илрээгүй. Мөн хавдраар өвчлөх эрсдэл 11 жилийн дараа 100 хувь байхгүй болсон гэж үзжээ.


Манай улсад одоогоор 11 настай охид, хөвгүүдэд хүний папиллома вирусний эсрэг вакциныг хийж байгаа бөгөөд нэмээд 13, 14 настай хүүхдүүд ч үнэ төлбөргүй хийлгэх боломжтой юм. Харин 18 нас болон түүнээс дээш насныхан уг вакциныг хийлгэхдээ ХПВ-ний шинжилгээ өгч, вурисний халдваргүй тохиолдолд дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй аж.


Умайн хүзүүний хавдраар өвчилсөн тохиолдолд зөвхөн эмнэлгийн зардалд 20 орчим сая төгрөг зарцуулдаг байна. Харин одоо 18,000 төгрөгийн үнээр хүний папиллома вирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, ирээдүйд гарах эрсдэлээс сэргийлэх боломжтой болсон билээ.



Comments


bottom of page