ГССҮТ:Энэ оны эхний 6 сард амьтанд хазуулсан 900 гаруй хүүхэд ирсэн
- Jul 9
- 2 min read

Үндэсний их баярын наадмаар олон хоног амрахтай холбогдуулан Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс осол, гэмтлийн талаарх урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэлээ.
2026 оны эхний 6 сарын байдлаар гэр бүлийн шалтгаант хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 44 бүртгэгджээ.
ГССҮТ-ийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Золжаргал: Баяр наадмын өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд тодорхой тоогоор өсдөг. Энэ тохиолдолд өвтөнүүдийг үзлэгт хамруулж, хүчирхийлэлд өртсөн эсэхийг илрүүлнэ. Үүний дараа хүчирхийлэгчээс тусгаарлаж, түр хамгаалах байранд байрлуулан, цагдаагийн газар болон хүүхдийн тусламжийн 108-д аюулгүй байдлыг нь ханган хүлээлгэн өгдөг.
Мөн баярын өдрүүдээр архидан согтуурснаас үүдэн хүүхдэд тавих хараа хяналт сулрах, биеэ хянаж чадахгүйгээс хүүхдийг хүчирхийлэх тохиолдол их бүртгэгддэг. Ихэвчлэн шөнийн цагаар. Мөн эмнэлэгийн тусламж авахгүйгээр олон хоног хол явж байгаад баяр наадмын амралтын дараа ирдэг.
ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн их эмч Б.Наранхүү: Хүүхдийн осол гэмтлийн хамгийн гол шалтгаан нь унаж бэртэх байдаг. Хүүхдүүд тоглоомын талбайд тоглох явцдаа унах, зүсэгдэх, эрхтэн тогтолцоо нь гэмтэж ирэх нь цөөнгүй. Жишээ нь, хөл дээрээ тулж бууснаас үүдэн мөчний гэмтэл үүсэх боломжтой. Зулайн оройгоороо унаснаас хүзүү, нуруу, тархины гэмтэл үүсэх эрсдэлтэй. Иймээс тухайн тоглоомын талбайг хариуцсан СӨХ, Засаг захиргааны нэгжүүд бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллахыг зөвлөж байна.
Энэ оны эхний 6 сарын байдлаар зэрлэг болон тэжээвэр амьтанд хазуулах, уруулах, маажуулсан 920 хүүхэд эмнэлэгт ирсэн. Тухайн амьтны шүд, шүлс зэргээр дамжин галзуугийн халдвар авах, шарх хүндрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс эмнэлэгт заавал хандах шаардлагатай.
Мөн зам тээврийн осолд хүүхдүүд илүүтэй өртдөг юм. Эцэг эхчүүд өөрсдөө урд суугаад суудлын бүсээ зүүдэг ч хүүхэддээ зүүлгэдэггүй. Ард талын суудал дээр хяналтгүй орхичихдог. Үүнээс үүдэн осол гарахад хүүхэд шууд л ямар нэг зүйл мөргөж, хүнд гэмтэл авна. Түүнчлэн хичээл сургууль амарсантай холбоотой ах, эгч нарт нь дүүгээ асрах үүрэг өгчихдөг. Ингэж хүүхдийг хүүхдээр харуулснаар ахуйн осолд өртөх тохиолдол нэмэгддэг тул эцэг, эхчүүд үүн дээр ч мөн анхаарах хэрэгтэй.



Comments