Б.Соёл-Эрдэнэ: Хоёр настай хүүхдэд хоол өгөлгүй саатуулсан
- Oyukachild Mijiddorj
- May 14
- 2 min read

БНСУ-аас эх орон руугаа шалтгаангүйгээр буцаагдаж цаг хугацаа, мөнгө, сэтгэл санаагаараа хохирох монгол иргэд байсаар байна. Эдгээр иргэдийн төлөөлөл М.Соёл-Эрдэнэ өнөөдөр БНСУ-ын хил дээр хүний эрх зөрчигдсөн тухай гомдлыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, ГХЯ, ХЭҮК-т гаргаж байгаагаа ГХЯ-ны гадаа мэдээллээ.
Тэрээр БНСУ руу 10 гаруй хоног аялах зорилготойгоор нөхөртэйгөө 2025 оны 5 сарын 12-ны 22:35 минутын МИАТ онгоцоор зорчсон. БНСУ-ын Инчоны нисэх онгоцны буудлын шалган нэвтрэхээр шалгуулан гадаад паспорт дээрээ штамп даруулж тухайн улс руу нэвтэрсэн ч эргэж дуудагдан саатуулах өрөөнд тусгаарлагджээ. Тэр үедээ түүний утсыг хураан авч хувийн мэдээлэл рүү нь халдсан байна. Саатуулах өрөөнд ороход нь хоёр настай хүүхэдтэйгээ яваа эмэгтэй аргаа барсан байдалтай мөн тусгаарлагдсан байж. Б.Соёл-Эрдэнэ, "Тэр хүүхдэд хоол өгөөгүйгээс өлсөж шөнөжин уйлагнаж хоносон. Саатуулах байр руу орж байгаа иргэдэд гар тээшнээс өөр зүйл өгөхгүй, ямар шалтгаанаар саатуулж байгаагаа ч мэдэгдэхгүй. Биднийг хүн байна чинээ авч хэлэлцэхгүй байсан" гэж ярилаа. Энэ мэт хүний эрхийг зөрчсөн олон үйл явдал болсон учраас тэрээр гомдол гаргахаар шийдсэн байна. Бичгээр гаргасан гомдолдоо дараах шаарлагыг мөн тавьж байна.
Элчин сайдын яам болон ГХЯ нь энэ асуудлыг нэн яаралтай судалж, Солонгосын талд албан ёсоор мэдэгдэл хүргүүлэх.
Монгол Улсын иргэдийн эрх ашиг, нэр хүндийг хамгаалж, ижил нөхцөл байдалд өртсөн бусад иргэдийн мэдээллийг цуглуулан хамтран нэхэмжлэл гаргах.
БНСУ-ын хууль бус, зохисгүй хилийн шалгалтад хяналт тавих дипломат арга хэмжээ авах
2025 оны 05 сарын 13-ны 00:15-01:30 хоорондох хяналтын камерыг шүүх хүсэлттэй байна.
Бид бүгдтэй зүй бусаар харьцсан тухай улсын гаалийн ажилтныг шалгаж, хүний эрхийг зөрчсөн үйлдэлт нь хариуцлага оногдуулж арга хэмжээ авах.
Солонгос улсын виз зөвшөөрөл олгосноос хойших хугацаанд гарсан бүх зардлыг нэхэмжлэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна.

Хагас жилийн өмнөөс үүссэн энэ асуудлыг иргэд удаа дараа ярьж байгаа. Өнгөрсөн 4 дүгээр сард child.mn сайт саатуулах байранд хэдхэн сартай монгол хүүхэд сүүн тэжээл, памперсаас авч чадахгүй байсан талаар мэдээлж байсан.
Иргэд, олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ асуудлыг шийдвэрлэхээр,
2025.04.28-нд БНСУ-н Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг энэ асуудалд анхаарч ажиллахаа УИХ-н дарга Д.Амарбаясгаланд илэрхийлсэн.
2025.04.29-нд Хил дээрх нөхцөл байдал, саатуулах байрны бодит байдалтай танилцахаар Монгол Солонгосын Парламентын бүлгийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ БНСУ-руу ниссэн.
Виз олголтын хугацааг 15-20 хоног болон багасаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Е-баримт өгч эхэлсэн зэрэг мэдээллүүд цахим орчинд нийтлэгдэж байсан. Гэвч өнөөдөр Монгол улсын иргэд хохирсоор. Тэр дундаа ээж аавтайгаа яваа, өөрийнхөө төлөө үг хэлж, үйлдэл гаргаж чадахгүй хүүхдүүд давхар хохирсоор байна.
Comments