Б.Баярсайхан: Өлзийт, Соёл болон Хандгайт зуслангийн газрыг хүүхдийн байгуулга эргүүлэн авна
- May 26
- 2 min read

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралд Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан хүүхдийн зуслангийн асуудлыг онцоллоо.
Тэрээр "Энэ жил хүүхдийн зуслангийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Монгол Улсад 1980 онд буюу хөгжлийн оргил үед 215 хүүхдийн зуслан ажиллаж байсан бол өнөөдөр цөөн тооны зуслан үйл ажиллагаа явуулж байна. Зуслангийн 100 жилийн ойн хүрээнд алдагдсан зуслангуудын газрыг эргүүлэн авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд бүх аймагт шалгалт хийсэн. Авлигатай тэмцэх газраас хувьчилж аваад огт үйл ажиллагаа явуулаагүй “Өлзийт”, “Соёл” зуслангийн газрыг Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газарт хүлээлгэж өгөх ажил хийгдэж байна.
Мөн ерөнхий сайд Н.Учрал Оросын холбооны улсад албан ёсны айлчлал хийх үеэр бид хоёр орны хамтарсан эзэмшилд байдаг “Хангайт” хүүхдийн зусланг Монголын хүүхдийн байгууллагад хүлээлгэж өгөх хүсэлтийг тус улсын Засгийн газарт тавьсан. Оросын Холбооны улсын элчин сайдын яамнаас “Хангайт” зусланг Монголын хүүхдийн байгууллагад шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг ирүүлсэн. Зам, тээврийн хөгжлийн сайд, Улаанбаатар төмөр замын удирдлагууд энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэн, 17 жил царцсан, "Найрамдал" зуслангийн дараа ордог байсан энэхүү хамгийн том зуслангийн үйл ажиллагааг сэргээнэ гэдэгт итгэж байна. Тус зуслангийн 10-аад га газар өнөөдөр хувийн өмчид шилжсэн байна.
Түүнчлэн нийт зусланд хамрагдах боломжтой нэг сая хүүхдийн 10 хүрэхгүй хувь нь зусланд амарч байна. Өнөөдөр гар утасны хэрэглээ, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал анхаарах хэмжээнд хүрсэн. Айл болгон зуслангийн байшингүй, хүүхэд болгон хөдөө эмээ дээрээ байх боломжгүй бөгөөд хоёр ээлжийн зуслангуудад хүүхдийн хөгжлийн асуудал хангалттай түвшинд явагддаггүй. Эдгээр шалтгааныг харгалзан үзэж, зуслангийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын адил хүүхдийг хүн болгож төлөвшүүлэх асуудал нь Засгийн газрын хамгийн чухал, зорилтот ажил гэж үзэж байна.
Монголын зуслангийн холбоо, Олон улсын зуслангийн холбоотой хамтран 8 орны 27 төлөөлөгчийг Монгол Улсад урьж ажиллууллаа. Өмнө нь Монгол Улсад олон улсын зуслангийн захирлын сертификаттай хоёрхон хүн байсан бол өнөөдөр 21 аймаг, 9 дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 32 захирлын үнэ төлбөрийг төлж, олон улсын зуслангийн захирал бэлтгэх сургалтад хамрууллаа. Мөн 100 гаруй хөгжлийн багшийг бэлдсэн.
Зуслангийн салбарыг мэргэжлийн болгох ёстой. Хүүхдүүдийг эрсдэлгүй тээвэрлэхээс гадна хүүхэдтэй зөв харилцдаг мэргэжлийн бүлгийн багш нартай аюулгүй байдлыг хангасан стандартын хөтөлбөртэй, уламжлалт өв соёл, зан заншлаа орчин үеийн хүүхдийн хөгжлийн хөтөлбөртэй хамтатгаж, зуслангийн хөгжлийг хэрхэн дэмжих вэ гэдэг сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан.
Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс хүүхдийн зуслангийн хагас хувьсах зардлыг төрөөс даах, зуслангийн газрын төлбөрөөс чөлөөлөх, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 1 хувийн татварын зохицуулалтаар хүүхдийн зусланг сэргээх ажлыг олон улсын зуслангийн холбооны ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийнхөн өндрөөр үнэлсэн. Улмаар 11 дүгээр сард Хятад улсад зохион байгуулагдах олон улсын зуслангийн чуулганд Монгол улсыг илтгэгчээр оролцож, энэхүү сайн туршлагаа хуваалцахыг урьсан" гэв.



Comments