top of page

"Боловсрол:Чанар, Санхүүжилт, Хариуцлага" чуулганаас онцлох 10 санаа

Боловсрол бол өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор байгаа тэгш бус байдлыг арилгах гол арга зам билээ. Тиймээс child.mn сайт "Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага" Иргэний нийгмийн 14-р чуулганаас онцлох 10 санааг уншигч танд байна.

Нэг.

Сүүлийн 10 жил ардчилал мэдэгдэхүйц ухарч, айдентити (амин чанар)-д суурилсан үндсэрхэг популист үзэл хандлага өсөж байна. Үүнийг зөрчил мөргөлдөөн, эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн дүрвэх, нүүлгэн шилжүүлэх явдал гааруулж байна. Иргэдийн эв нэгдлийг тасалдуулах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж буй зөрчил нь иргэний оролцоонд суурилсан боловсролд ихээхэн хор уршигтай.

Хоёр.

Ажиллах хүчний оролцооны түвшин 1990 оноос хойш дэлхийн бүх бүс нутагт буурчээ. Ирээдүйн боловсрол нь зөвхөн хүүхэд, залууст чиглээгүй. Боловсрол нь бүх хүмүүст урт хугацаанд үргэлжлэх, нийгэм, эдийн засгийн сайн сайхан аж байдлыг өөртөө, гэр бүл, нийгэмдээ бий болгоход чиглэгдэх ёстой.

Гурав.

Сургуулиас ажил руу шилжих үед үүсдэг ур чадварын зөрүүг багасгах боломжгүй ч суралцахуйн агуулгыг өргөжүүлж, арга зүйг төрөлжүүлснээр даван туулах боломжтой.


Дөрөв.

Монгол айл өрхүүдийн ердөө 30 хувь нь л компьютертой, 23 хувь нь гэртээ интернэт холболттой байгаа нь цахим хичээл явуулах технологийн хүртээмж бэлэн бус байгааг илтгэнэ. /МУ-ын боловсролын салбар дахь Мэдээлэл, харилцаа холбооны технологийн бодлогын тойм шинжилгээ, НҮБ, 2021 он/

Тав.

2021 онд БШУ-ны сайдын баталсан ерөнхий боловсролын сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөнд 2023 онд Боловсрол эвслийн хийсэн хөндлөнгийн үнэлгээгээр уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх шаардлагатай төсөв байхгүй, байгууллага хоорондын уялдаа холбоогүй зэрэг шалтгаанаас биелэлт хангалтгүй гэж үнэлжээ.

Зургаа.

2023 онд ЮНЕСКО-гийн Боловсролын хяналт, шинжилгээний дэлхийн тайланд онцолсноор боловсролын салбарт цахим технологийн үзүүлж буй өгөөжийн талаар баттай баримт, нотолгоо хомс байна.

Долоо.

Боловсролын технологийн бүтээгдэхүүн дунджаар 36 сар тутамд өөрчлөгддөг. Технологи нь олон сая хүний боловсролд хүрэх амьдралын замыг тавьдаг боловч эргээд олон хүнийг орхигдуулдаг.

Найм.

Монголд төрийн өмчийн сургууль үнэ төлбөргүй боловч хүүхдээ сургуульд хамруулахад нэхдэг нэмэлт зардлаас болж нэн ядуу өрхүүд хүүхдээ боловсролд эзэмшүүлж чадахгүй байна. Жишээ нь: засвар, анги танхимд ширээ, сандал авах, тоног төхөөрөмж шинэчлэх гэх мэт...

Ес.

"Хот суурин газрын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур өрхийн хүүхдүүд сургуульд сурах амьдралын боломжгүй, ядуу айлын хүүхдүүд өмсөх хувцас муугаас болж бусад хүүхдүүдээс ичиж зовон сургуулиас холддог" гэсэн МХЗ-уудын хэрэгжилтийн талаарх Үндэсний 5 дахь тайланд 2013 онд дурдаж байсан асуудлууд шийдэгдээгүй хэвээр байна.

Арав.

Жилд 35,000 хүүхэд дотуур байранд амьдрах хүсэлт гаргадаг бөгөөд хүүхэд жилийн 265 хоногт байрлаж, суралцдаг. Хичээлийн хэрэглэгдэхүүн, улирлын хувцаснаас эхлээд дотуур байрандаа усанд орохын тулд 1500 төгрөг төлдөг, өвлийн идэш болгож хонь, үхрийн мах авдаг зэрэг нь наад захын хэрэгцээгээ хангахад эдийн засгийн дарамж учруулдаг байна.

Боловсрол эвсэл Монгол улсын "Тогтвортой хөгжлийн зорилт 2030", "Хувирган өөрчлөх боловсрол"-ын амлалтуудыг МУЗГ, Боловсролын яамнаас шаардахдаа өнгөрсөн хугацаанд амлалтаа хэрэгжүүлэх, чиглэлээр гаргасан ахиц дэвшил болох ухралтуудыг нотолгоонд суурилан танилцуулж, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдаас бүгдэд эрх тэгш боломж, шударга ёсыг шаардлаа.



Kommentare


bottom of page