top of page

Боловсролын салбарт хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа

  • Jul 3
  • 1 min read

Боловсролын яамны санаачилгаар сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол болон мэргэжлийн боловсролын бүх шатны байгууллагад хүүхэд хамгааллын тогтолцооны механизмыг боловсронгуй болгож, нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх зорилготой ажлын хэсэг байгуулагдлаа.

Тус ажлын хэсэг нь боловсролын байгууллагын орчинд хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлэх, хүүхэд хамгааллын бодлого, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр ажиллах юм.

Энэ үеэр боловсролын сайдын зөвлөх Ч.Оюу-Эрдэнэ хэлэхдээ “Бид хүүхдээ хамгаалж байна гээд тэдний гадагшаа гарах, нийгэмших үйл явцыг хэт хязгаарлавал бусадтай харилцах чадвар нь суларч, хөгжлөөс хоцрох эрсдэлтэй” хэмээв.

Мөн ХГБХХЕГ-ын дарга Б. Баярсайхан хэлсэн үгэндээ “Асрамжийн болон түр хамгаалах байранд байгаа хүүхдүүдийн хөгжлийн үйлчилгээ хангалтгүй, ихэвчлэн хоол, байр, хамгааллын үйлчилгээний хүрээнд хязгаарлагдаж байна. Энэ нь төрийн бодлогод онцгойлон анхаарах асуудал бөгөөд цаашид хүүхэд хамгаалал болон хүүхдийн хөгжлийг салангид бус, цогцоор нь авч үзэх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийллээ.

Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд боловсролын байгууллагын хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийн зэрэгцээ хүүхдийн аюулгүй байдал, эрх, хөгжилд чиглэсэн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллах юм.

Comments


bottom of page