top of page

БЗД-ийн Хүүхдийн зөвлөл 2025 онд дүүргийн захад амьдардаг хүүхдүүд рүү чиглэн ажиллана

Танхим дүүрэн цугласан хүүхдүүд догдолсон бас их нухацтай гэгч нь хоорондоо ярилцана. Учир нь энд “Оролцъё-Нөлөөлье” уриатайгаар Баянзүрх дүүргийн "Хүүхдийн Чуулган 2024" болж байгаа нь энэ юм.

Чуулганаар тус дүүргийн Хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүн нь тэргүүнээр дэвшиж, оронд нь шинэ дэд тэргүүн ажлаа хүлээн авлаа. Мөн дүүргийн хэмжээнд 170 мянга гаруй хүүхэд амьдардгаас 3000 хүүхдээс судалгаа авсныг танилцуулав. Гол нь хүүхдүүдийн өөрсдийнх нь нүдээр тэдэнд юу тулгамдаж байгааг тодорхойлж, дүүргийн холбогдох ажилтан, мэргэжилтнүүд нь сонсоод, ирэх жилийн ажилдаа тусгадаг уламжлал тогтжээ. Ийм чухал бүхий арга хэмжээ учраас заал дүүрэн хүүхдүүд маш их ач холбогдол өгч, чуулгандаа оролцож буй нь энэ ажээ.


БЗД-ийн Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Б.Мөнхзаяа "Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 11 дүгээр ангийн сурагч. Би Баянзүрхийн хүүхдийн зөвлөлийн дэд тэргүүнээр ажилладаг. Өнөөдрийн чуулганаар тэргүүнийхээ суудлыг авч, дэд тэргүүнийхээ суудлыг хүлээлгэн өгч байна. Бид нарын хийсэн хамгийн том ажил бол боловсролын өдөрлөг. Өдөрлөгөөр бид нар нэг танхимд 200 хүүхдүүдийг цуглуулаад, гадаад руу хэрхэн сурах, тэтгэлэгтэйгээр яаж сурах боломжтой юм бэ гэдэг талаар мэдээллийг хүргэсэн. Бид нарын хувьд хамгийн том амжилт. Хотын төвтэй ойрхон байгаа хүүхдүүд нь мэдээллээ бол авах боломжтой байдаг. Харин дүүргийн зах хэсэгт амьдарч байгаа хүүхдүүдтэй ойр ажиллаж чаддаггүй. Тиймээс 2025 онд дүүргийнхээ илүү зах талдаа байгаа хүүхдүүд рүү илүү чиглэж ажиллахыг зорьж байна" гэв.


БЗД-ийн Улаан загалмайн хорооны дэргэдэх Хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүн Д.Төгсбаяр "Манай дүүрэг хүн ам ихтэй. Мөн гэр хорооллын айл өрхүүд олон. Тийм учраас би танилцуулах сэдвээрээ эрүүл мэндийн талаар авч үзсэн. Орчин нөхцөл хүүхдүүдийн эрүүл мэндэд яаж нөлөөлөөд байгаа юм бэ гэдэг дээр судалгаа хийж, мэдээлэл цуглуулсан. Гэр хорооллын айлууд нэлээн их байдаг учраас наад зах нь сургуулиасаа тарж яваа хүүхдийг сул нохой дайрах, халтиргаа гулгаа ихтэй, үүнээс болж бас зам тээврийн осол орох эрсдэлтэй зэрэг хүүхдүүд өдөр бүр л маш их эрсдэлийг туулж байгаа нь харагдсан."


БЗД-ийн Засаг Дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Жаргалсайхан "Энэ аяныг зохион байгуулахдаа 3000 гаруй хүүхдээс цахимаар судалгаа авч, боловсрол, эрүүл мэнд, цахим орчин зэрэг зургаан сэдвийн хүрээнд тэдэнд тулгарч буй асуудлыг өөрсдөөр нь тодорхойлуулж гаргасан. Үүнийхээ дагуу хэлэлцүүлэг өрнүүлсэн. Ингээд гарсан санал, санаачилгаа хүүхдүүд танилцуулж байна. Энэ ажлыг цаашид 2025 он, ер нь цаашид дүүргийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, ажил хэрэг болгох тал дээр санаачилга гарган ажиллана" гэлээ.


БЗД-ийн Хүүхдийн зөвлөлийн гишүүн М.Мөнх-Эрдэнэ "Замын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг зарим газар муу байдаг. Үүнийг шийдвэрлэх шаардлагатай гэж хүүхдүүд үзэж байна. Түүнчлэн электрон тамхины хэрэглээ, сургуулиудын хоолны газрын стандарт ер нь сайн байна уу үгүй юу гэдгийг сайн шалгах хэрэгтэй байна."


БЗД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх "Хүүхдүүдийн тодорхойлсон асуудлуудаар чуулганаас өмнө бид дэд хэлэлцүүлгүүд өрнүүлсэн. Нэлээн шүүсийг нь шахсан, бодит асуудлуудаа түүж өнөөдөр танилцуулж байгаа. Боловсролын салбар, сургуулийн орчин гээд жишээ татахад, өсвөр насныхан нууцаар, эцэг эхдээ мэдэгдэхгүйгээр электрон тамхи хэрэглэж, эрүүл мэндээ хордуулж байна. Хүүхдүүд өөрсдөө ч энийг асуудал гэж үзэж байна. Мөн үе тэнгийн дээрэлхэлт мөн л асуудлуудын эхэнд эрэмбэлэгдсэн. Эзэнгүй нохой, муур хүүхдүүд рүү дайрдаг, гэмтээдэг талаар мөн л олон хүүхэд санал өгсөн байгаа юм. Гэх мэтчилэн бусад олон чухал асуудлыг өнөөдөр хүүхдүүд, томчууд хоорондоо хэлэлцэж байна. Үүнээс гадна өнөөдөр БЗД-ийн Хүүхдийн элчийг дараах таван хүнээс сонгон шалгаруулах хүндтэй үйл ажиллагааг мөн бид давхар хийхээр төлөвлөөд байна."

БЗД-ийн Хүүхдийн элчид нэр дэвшигчид

Түүнчлэн чуулганы хүрээнд дүүргийн хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнг олонд дэлгэн, танилцууллаа.


“Оролцъё-Нөлөөлье” уриатайгаар хүүхдүүд дуу хоолойгоо илэрхийлэх төв цэг нь болсон БЗД-ийн "Хүүхдийн Чуулган 2024" арга хэмжээг зохион байгуулахад Дэлхийн Зөн Монгол, Гүүд Нэйборс, БЗД дэх Улаан загалмайн хороо, Санрайс ТББ, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон иргэний нийгмийн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагууд дэмжин оролцжээ.



Хүүхдийн төлөө хамтдаа  “Оролцъё-Нөлөөлье”


Гэрэл зургийг: Д.Занданбат

0 comments

Commentaires


bottom of page