Цахим орчинд цахилгаан менингит Улаанбаатар хотод тархсан гэх мэдээллийг олны танил хүмүүс болон зарим иргэд бичиж, олон зуун хүн уг постыг нь хуваалцжээ. Улмаар эцэг, эхчүүд цэцэрлэг, сургуулийг цахимаар орох шийдвэр гаргах хэрэгтэй талаар санал сэтгэгдлээ илэрхийлж эхлээд байв. Мөн 9 настай хүүхэд уг өвчнөөр эндсэн ч ЭМЯ нууцлаад мэдээлэл гаргахгүй байна гэх хардлага мэдээллийн давлагааны улмаас үсээд байлаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс хэвлэлийн бага хурал хийж, иргэдэд мэдээлэл өгөв.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга А.Баттөр "2024 онд сэжигтэй 5 тохиолдол илэрсэн. Шинжилгээ хийхэд 2 тохиолдол нь батлагдсан ч бүрэн эмчлэгдсэн. Ингээд энэ хоёр тохиолдолтой холбоотой тархвар судлалын арга хэмжээ хийсэн. Үүнээс хойш энэ /2025/ онд сэжигтэй гурван тохиолдлоос нэг нь батлагдсан. Харамсалтай байдлаар богино хугацаанд өвчин нэлээн хүнд явцтай байсан учраас хүүхэнд эндсэн. Нөгөө хоёр сэжигтэй тохиолдолд эмгэг төрөгч илрүүлэх ийм шинжилгээнүүд хийж байгаа. Нэг сэжигтэй тохиолдол нь БГД-т гарсан, нөгөөх нь БЗД-т гарсан. Аль аль нь өнөөдрийн байдлаар тогтвортой байна. Яг менингококк халдвар мөн байна аа гэдэг шинжилгээний хариу гараагүй байна. Шинжилгээний хариу хамгийн сүүлийн байдлаар бол 2 сарын 4, 2 сарын 6 гэхэд гарна" гэв.
Менингококктын сэжигтэй гэж бүртгэгдсэн хоёр хүүхдийн хувьд хичээл амарснаас хойш хичээлдээ огт явуугүй байна. БГД-т бүртгэгдсэн сэжигтэй нэг тохиолдлын хувьд 12-р сарын 18-наас хойш хичээлдээ яваагүй аж. Улмаар 1-р сарын 30-нд ХӨСҮТ-д ханджээ. Иймээс тухайн хүүхдийн гэр бүлийнхэн, ойрын хүрээлэлд тандалт судалгаа хийж байгаа бөгөөд сургуульд яваагүй учраас ангийн хүүхдүүд нь халдвар авах магадлал байхгүй гэж үзжээ. Харин БЗД-т 311 дүгээр цэцэрлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Тухайн цэцэрлэг шинэ учраас ангид нийт халдвар авах магадлалтай 9 хүүхэд байсан байна. Хүүхдүүдийг гэрээр тусгаарласан бөгөөд шинж тэмдэг илрээгүй байна.
Comments