Амралтын өдөр хүүхдээ салхилуулах гэж байгаа бол Богд уулыг зорихгүй байхыг анхааруулав
- Jun 10
- 1 min read

Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг 6-р сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Судалгааны дүнгээр Богдхан уулын дархан цаазат газрын Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат орчимд ойн хөнөөлт шавж болох сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтлон үүссэн байна.
Иймд иргэдийг 10-14 хоногийн хугацаанд тухайн бүсийн ойд амарч зугаалах, алхах, спортоор хичээллэх, хүүхдээ салхилуулахгүй байхыг анхаарууллаа.
Мөн тэмцлийн ажил явагдаж буй бүсээр зорчих иргэд холбогдох байгууллагын зөвлөмж, анхааруулгыг чанд мөрдөж, хувийн аюулгүй байдлаа ханган зорчихыг анхааруулж байна.
Тус ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал ач холбогдолтой аж.
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа



Comments